Covid-19

Хятадад нэг өдөрт бүртгэгдсэн Covid-19 халдварын шинэ тохиолдол 3,500 давлаа

Нийтэлсэн

Даваа гарагт Хятад даяар коронавирусийн халдварын 3,507 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай өчигдөр тус улсын эрүүл мэндийн албаныхан мэдээлсэн байна. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацааны хамгийн өндөр өсөлт бөгөөд өмнөх өдрийн 1,337 тохиолдлоос огцом нэмэгдсэн үзүүлэлт юм.

2019 оны сүүлээр Ухань хотод цар тахал дэгдсэн цагаас хойш тус улсын эрх баригчид хатуу хорио цээрийн дэглэмээр вирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж байлаа.

Гэвч халдварлах чадвар өндөртэй Омикрон хувилбарын тархалт сүүлийн өдрүүдэд Хятадын эх газрын олон мужийг хамраад байна.

Ланжоу хотын их сургуулийн боловсруулсан тооцооллоор бол энэ удаагийн дэгдэлт дөрөвдүгээр сарын эхээр хяналтад орох ба тэр үед нийтдээ 35,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдсэн байх гэнэ.

Одоогоор Хятадын 11 хот, засаг захиргааны нэгжид халдварын голомт бүртгэгдэж, хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байна.

Эдгээрийн дотор тус улсын технологийн төв, 17 сая оршин суугчтай Шэнжэн хот багтжээ.

Мөн санхүүгийн төв Шанхай хотод халдварын голомт бүртгэгдээд байна.

Хятадын агаарын тээврийн удирдах газар гуравдугаар сарын 21-нээс тавдугаар сарын 1-ний хооронд Шанхайд буух хуваарьтай 106 олон улсын нислэгийг өөр хотууд руу шилжүүлэхээр болжээ.

Даваа гарагт зарласан халдварын шинэ тохиолдлуудын 90 орчим хувь зүүн хойд Хятадын Жилин мужид илэрсэн байна.

Тус мужийн нийт 24.1 сая оршин суугчийн шилжилт хөдөлгөөнийг хоригложээ.

Жилин мужийн Чанчун хот дахь үйлдвэрүүдээ гурван хоногийн турш хаахаар болсныг Volkswagen Group зарласан байна.

Даваа гарагийн байдлаар цар тахал эхэлсэн цагаас хойш Хятадын эх газарт нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 120,504 хүрчээ.

 

Эх сурвалж: Reuters

Exit mobile version