Дэлхий
Оросын төв телевизээр дайны эсрэг үзлээ илэрхийлсэн сэтгүүлч 14 цаг байцаагдсаны дараа суллагджээ
Даваа гарагийн орой Оросын ОРТ телевизийн сувгийн мэдээний цагаар нэгэн эмэгтэй дайныг эсэргүүцсэн бичигтэй самбар барин эфирт нэвтрээд баривчлагдсан билээ.
Тэрбээр тус телевизийн мэдээний эрхлэгч Марина Овсянникова байсан юм.
Маринагийн барьсан самбар дээр “Дайн хэрэггүй, Дайнаа зогсоо. Худал суртал нэвтрүүлэгт битгий итгээрэй” гэсэн агуулгатай үгсийг бичсэн байв.
Хуулийнхан 14 цагийн турш байцаасны эцэст 30,000 рублийн ($293) торгуулиар шийтгээд суллаж явуулсныг өчигдөр тэр өөрөө мэдээлжээ.
“Байцаалт 14 цаг гаруй үргэлжилсэн. Энэ үеэр гэр бүл найз нөхөдтэйгөө холбогдох, өмгөөлөгчийн туслалцаа авахыг хориглож байлаа” гэж сэтгүүлчдэд ярьсан Овсянникова хоёр хоногийн турш унтаагүй тул амрах хэрэгтэй байгаагаа хэлсэн байна.
“Энэ бол зөвхөн миний шийдвэр байсан. Учир нь Орос улсын эзлэн түрэмгийллийг эхнээс нь би эсэргүүцэж байв. Энэ бол үнэхээр аймшигтай хэрэг” гэж тэр бас нэмж хэлжээ.
ОРТ сувагт хамт ажилладаг хүмүүс нь Овсянниковагийн үйлдлийг хараад гайхаж цочирдсоноо ярьсан байна.
Эфирт гарахаасаа өмнө сошиал хуудсаараа тараасан дүрс бичлэгт тэр “Би телевизийн дэлгэцээр худлаа ярьж байгаагаасаа ичиж байна. Оросуудыг зомби болгох үүрэг гүйцэтгэж байгаадаа ичиж байна. Бид энэ хүнлэг бус дэглэмийн суртал нэвтрүүлгийг чимээгүй үзээд сууж байна. Дараагийн 10 үе маань ах дүүсийн хооронд болсон энэ дайны ичгүүрээс салж чадахгүй” гэж ярьж байжээ.
Аав нь Украин хүн байсныг тэр бас хэлсэн юм.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский түүнийг “үнэний дуу хоолой” хэмээн магтжээ.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон сэтгүүлч эмэгтэйн аюулгүй байдалд санаа тавихаа амласан байна. Тэрбээр ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих үедээ уг сэдвийг хөндөх гэнэ.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлч эмэгтэйн үйлдлийг “танхайрал” гэж нэрлэсэн байна.
ОРТ сувгийн захиргаа болсон явдлыг мөрдөн шалгах ажлыг эхлүүлснээ мэдээлжээ.
Хэрвээ Овсянниковаг саяхан батлагдсан дайны тухай худал мэдээлэл тараахыг хориглосон хуулиар шийтгэвэл шоронд хоригдох магадлалтай юм.
Эх сурвалж: BBC