Дэлхий
Украины “төвийг сахих” статусын асуудлаар тохиролцоонд хүрэхэд ойрхон байгааг Сергей Лавров мэдэгдэв
Орос-Украины яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэхэд ойрхон байгааг талууд мэдээлсээр байгаа.
Лхагва гарагийн орой ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэвлэлд ярихдаа “Яриа хэлэлцээ тодорхой шалтгаануудын улмаас амаргүй байдалд үргэлжилж байна. Гэхдээ зөвшилцөлд хүрэх найдлага төрж байна. Одоогоор төвийг сахих статусын асуудлыг талууд нухацтай хэлэлцэж байгаа. Мэдээж үүнийг аюулгүй байдлын баталгаа дагалдана. Энэ бол яг одоо хэлэлцэж буй гол асуудал. Миний бодлоор талууд тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа” гэжээ.
Өчигдөр бас Украины ерөнхийлөгч Володимир Зеленский талуудын яриа хэлэлцээ “бодитой үр дүн”-д хүрэхэд ойрхон байгааг хэлсэн юм.
Мягмар гарагт Киевт хүрэлцэн очсон Словени улсын ерөнхий сайд Янез Янша энхийн гэрээний төсөл дээр талууд ажиллаж байгаа болон Украины ерөнхийлөгч үндсэн хуулиасаа НАТО-д гишүүнээр элсэх тухай санааг хасах төлөвлөгөөтэй байгаа зэргийг өчигдөр мэдээлжээ.
Хэдийгээр талуудын гал зогсоох яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарсан тухай мэдээ ирж байгаа ч Украин дахь байлдааны ажиллагаа улам хүндэрч байна.
Өчигдөр бүслэлтэд байгаа Мариуполь хотын иргэд хоргодож буй драмын театрыг Оросын тал бөмбөгдсөн тухай мэдээ иржээ. Театрт 1,000 орчим энгийн иргэн, тэдний дотор олон тооны хүүхэд байсан гэнэ. Хохирлын талаар мэдээ одоохондоо ирээгүй байна. Мөн тус улсын умард бүсийн Чернихив хотод талханд дугаарлаж байсан иргэд Оросын пуужингийн цохилтод өртсөний улмаас 10 хүн алагдсан байна.
Эх сурвалж: The Guardian