Энтертайнмент

Дайныг эсэргүүцсэн Оросын балетын од Большой театраас явлаа

Нийтэлсэн

Москва хотын Большой Театрын гоцлол бүжигчин Ольга Смирнова дайныг эсэргүүцсэн мэдэгдлийнхээ дараа Нидерландын Үндэсний Балетын компанид ажиллахаар эх орноосоо явсан байна.

30 настай бүжигчин бүсгүй Украинд өрнөж буй дайныг “чин зүрхнээсээ эсэргүүцэж байгаа”-гаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байжээ.

The Dutch National Ballet компанийн захирал Тэд Брандсен өчигдөр хэвлэлд ярихдаа Смирнова удахгүй тус байгууллагад ажиллаж эхлэхээр болсныг мэдээлсэн байна.

Тэрбээр Смирноваг “онцгой авьяаслаг бүжигчин” хэмээн магтжээ.

Смирновагийн өвөө нь Украин хүн бөгөөд тэр өөрийнхөө биеийн дөрөвний нэгийг Украин хүн гэж тодорхойлж байв.

“Орчин үеийн соёлжсон, иргэншсэн ертөнцөд улс төрийн асуудлыг зөвхөн энхийн арга замаар шийдэх ёстой гэж би төсөөлж байлаа. Би Орос эх орноосоо ингэж ичнэ гэж хэзээ ч бодож байгаагүй. Би үргэлж Оросын авьяас билэгт ард түмэн, соёл, спортын амжилтаар бахархаж ирсэн. Харин одоо өнгөрсөн үе ба өнөөдрийн хооронд хил зааг бий болсныг би мэдэрч байна. Хүмүүс үхэж үрэгдэж, орон гэргүй болж, дүрвэцгээж байна. Ийм зүйл болохыг хэдхэн хоногийн өмнө хэн төсөөлж байв аа? Бид мөргөлдөөний халуун цэгээс хол байж болно. Гэхдээ дэлхийн нийтийн гамшгаас тусдаа амьдрах боломжгүй” гэж Смирнова мэдэгдэлдээ дурдаж байв.

Тэрбээр дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Амстердам хотын тайзнаа тоглох “Раймонда” балетад гарч бүжиглэхээр болжээ.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version