Эдийн засаг

“Дөрөвдүгээр сарын 15-наас хойш шинээр ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй

Нийтэлсэн

Монголбанкнаас орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг 2022 он дуустал хойшлуулах боломжийг иргэдэд олгосон тухай өчигдөр зарласан. Тус банкнаас зээлийн эргэн төлөлтийг хэрхэн хойшлуулах талаар дэлгэрэнгүй хариулт өглөө.

– Ямар зээлдэгч хамрагдах вэ?

– Энэхүү арга хэмжээнд зөвхөн Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн жилийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээлийн үлдэгдэлтэй иргэд хамрагдана.

– Энэ арга хэмжээнд хэрхэн хамрагдах вэ?

– Өмнөх зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээнд хамрагдаж 2022 оны зургаадугаар сарын 30-ний өдрийг дуустал зээлийн төлбөрөө хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг үргэлжлүүлэн, нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй нөхцөлтэй үргэлжлүүлэн хойшлуулна.

Харин хөтөлбөрийн хүрээнд шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оныг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулна.

Шинээр хүсэлт гаргах зээлдэгч 2022 оны дөрөвдүгээр сарын 1-15-ны өдрийг дуустал харилцагч банкандаа цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банкны салбарт очин хүсэлт гаргаснаар 2022 оныг дуустал зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө хойшлуулах боломжтой.

– Шинээр хүсэлт гаргах зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гаргах хүртэл зээлийн төлбөрөө төлөх үү?

– Зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гаргах хүртэл зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлнө. Зээлдэгч өөрийн боломжит хэлбэрээр цахимаар эсхүл өөрийн биеэр очиж хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оныг дуустал зээлийн төлбөрөө хойшлуулах боломжтой.

– Төлбөрөө өмнө нь 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хойшлуулсан мөн шинээр хойшлуулах хүсэлт гаргасан зээлдэгч зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулж, түүнийгээ нотариатаар баталгаажуулах шаардлагатай юу?

– Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А-100 дугаар тушаалаар баталсан “Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам”-аар зээлдэгчдэд цахимаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой болсон. Иймд хэрэв зээлдэгч цахимаар зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулсан тохиолдолд гэрээг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй.

Харин зээлдэгч өөрийн биеэр банканд очиж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж баталгаажуулсан тохиолдолд, гэрээний өөрчлөлтийг мөн адил өөрийн биеэр нотариатад очиж баталгаажуулна.

Зээлдэгч төлбөрөө хойшлуулах хүсэлт банканд гаргасан хэдий ч зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулаагүй тохиолдолд банк зээлдэгчийн зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулахгүй тул зээлдэгч нар анхаарна уу.

– Зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувьд төлбөрөө хойшлуулж болох уу?

– Зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээ хэрэгжихээс өмнө хугацаа хэтэрсэн зээлтэй байсан иргэдийн хувьд харилцагч банкандаа хүсэлт гаргаснаар 2022 оныг дуустал зээлийн төлбөрөө хойшлуулж болно. Гэхдээ зээлийн төлбөр хойшлуулснаар зээлдэгчийн зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй.

Хэрэв төлбөр хойшлуулсан саруудад харилцагч өөрийн хүсэлтээр төлбөр төлсөн тохиолдолд хүсэлт гаргаж, зээлийн төлбөрөө хойшлуулахаас өмнө үүсээд байсан зээлийн үндсэн болон хүүний төлбөрт суутгагдана.

– Зээлийн төлбөр хойшлуулахаас өмнө бодогдсон хүү, төлбөрийг төлбөр хойшлуулсан хугацаанд төлөх шаардлагатай юу?

– Төлбөр хойшлуулахаас өмнө үүссэн зээлийн аливаа төлбөр буюу хүү, алданги, үндсэн төлбөрийн үлдэгдлийг төлөх үүрэг зээлдэгчид хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл, зээлдэгч хүсэлт гаргахаас өмнө үүсээд байсан үндсэн төлбөр, хүүний төлбөр, алданги зэргийг харилцагч банканд төлөх үүрэг хэвээр үлдэнэ.

– Энэхүү арга хэмжээнээс өмнө зээлдэгчийн төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүүг банкууд харилцагчдаа буцаан олгох уу?

– Энэ арга хэмжээ нь зээлдэгч хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оныг дуустал хугацаанд хэрэгжих бөгөөд зээлдэгч хүсэлт гаргахаас өмнө доголдсон зээлийн төлбөрт хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргахаас өмнө төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүү, алданги хэвээр үлдэнэ.

– Зээлийн төлбөрийг хойшлуулахад ямар баримт бичиг, нотолгоо бүрдүүлэх шаардлагатай вэ?

– Өмнөх зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээнд хамрагдаж 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд зээлийн төлбөрөө хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг үргэлжлүүлэн, нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй нөхцөлтэй үргэлжлүүлэн хойшлуулна.

Шинээр хүсэлт гаргах зээлдэгчийн хувьд ямар нэгэн нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй бөгөөд харилцагч банкандаа 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал цахим (цахим хуудас, и-мэйл, гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-аар эсхүл банкны салбар өөрийн биеэр хандаж хүсэлт гаргана.

Хүсэлт гаргасан өдрөөс эхлэн зээлийн төлбөр хойшлох бөгөөд хөл хорионы дэглэм буурсан үед зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарьт орсон өөрчлөлтийг баталгаажуулах боломжтой.

– Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан зээлийн гэрээг шинэчлэхэд зээлдэгчийн өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг зохицуулалтуудыг мөрдүүлэх үү?

– Энэхүү арга хэмжээний хүрээнд өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг Монголбанк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас тогтоосон зохицуулалтууд, хязгаарлалтуудаас түр хугацаанд чөлөөлнө.

– Зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулснаар сард төлдөг зээлийн төлбөр өөрчлөгдөх үү?

– Сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөр хойшлуулах хугацаа дуусгавар болсноос эхлэн зээлийн гэрээний дагуу төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө. Мөн зээлийн гэрээний хугацаа нь төлбөр хойшлуулсан хугацаагаар сунгагдах болно.

– Зээлийн төлбөрийг хойшлуулсан хугацаанд ямар нэг хүүгийн төлбөр төлөх үү? Зээлийн хугацаанд өөрчлөлт орох уу?

– Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй, үлдэгдэл төлбөрт хүү тооцохгүй бөгөөд хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Энэ хугацаанд амь нас, эд хөрөнгийн даатгалыг төлнө.

Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол 6 сараар хойшлуулснаар гэрээний хугацаа тус хугацаагаар сунгагдаж 2030 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дуусах болно.
– Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд өөрчлөлт орох уу?

– Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ.

– Хүсэлт гаргах хугацаа буюу 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш шинээр зээл авсан иргэд зээлийн төлбөрийг хойшлуулах боломжтой юу?

– Тус арга хэмжээ нь 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс хойш шинээр орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан зээлдэгчид хамаарахгүй.

Exit mobile version