Дэлхий

Крымийг нэгтгэсний ойн арга хэмжээнд ОХУ-ын ерөнхийлөгч Путин оролцжээ

Нийтэлсэн

Баасан гарагт ОХУ-ын засгийн газар Крымийн хойгийг өөртөө нэгтгэсний найман жилийн ойд зориулсан нүсэр арга хэмжээг Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулжээ. 1980 оны Москвагийн зуны олимпын наадмын нээлт зохион байгуулагдаж байсан уг байгууламжид 200,000 орчим хүн цугларсан тухай хотын цагдаагийн газар мэдээлсэн байна.

Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оролцож, эх оронч үзэл, Украинд явуулж буй “тусгай ажиллагаа”-ныхаа талаар үг хэлсэн юм.

“Манай орон ийм нэгдэл нягтралыг үзэлгүй удсан байна” гэж Путин энэ үеэр хэлжээ.

Арга хэмжээнд оролцогчдын дотор Украинд явуулж буй ажиллагааг дэмжиж буйн бэлгэдэл болсон “Z” үсэгтэй туг далбаа барьсан хүмүүс олон байсан юм.

Зарим сошиал сувгуудын мэдээлснээр уг арга хэмжээнд төрийн албан хаагчид, оюутнуудыг албадан оролцуулсан гэнэ.

Путинийг үг хэлж дуусах үед ОРТ телевизийн шууд дамжуулалт гэнэт тасарч, Олег Газмановын эх оронч утгатай дууны тоглолтыг үзүүлсэн юм.

Удалгүй Путиний хэлсэн үгийн бичлэгийг дахин эхнээс нь дуустал цацсан байна. Цэнгэлдэх хүрээлэнд байсан гэрчүүдийн мэдээлснээр Путиний хэлсэн үг газар дээрээ тасалдаагүй гэнэ. Сүүлд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков шууд дамжуулалтын үеэр техникийн доголдол гарсныг тайлбарлажээ.

Путин таван минут орчим хугацаанд үг хэлэхдээ Украинд явуулж буй “тусгай ажиллагаа”-ныхаа талаар ярихад нэлээд цаг зарцуулсан юм.

Тухайлбал Донбассын бүс нутагт Украины эрх баригчид геноцид үйлдэж байсан нь ажиллагааг явуулах шалтгаан болсон гэж тайлбарлажээ.

“Энэ бол үнэхээр геноцид байсан. Үүнийг таслан зогсоох нь тусгай ажиллагааны зорилго юм” гэж хэлсэн тэрбээр Украины иргэд Оросын цэргүүдийг талархан угтаж авсныг бас дуулгасан байна.

Путин хэлсэн үгэндээ Библийн хэсгээс эш татаж, 19 дүгээр зууны Пан Славист яруу найрагч Федор Тютчевын шүлгээс уншиж байжээ.

Арга хэмжээнд “Любэ” зэрэг хамтлаг, дуучид эх оронч үзлийн сэдэвтэй уран бүтээлүүдээ хүргэсэн байна. Тухайлбал Оросын поп од Олег Газманов “Сделано в СССР” (Зөвлөлт Холбоот Улсад үйлдвэрлэв) нэртэй дуугаа дуулжээ. Энэ дууны үг “Украин ба Крым, Беларусь ба Молдов, бүгд миний эх орон” гэж эхэлдэг юм.

Exit mobile version