Энтертайнмент

Шатахуун олдохгүй байгаагийн улмаас Оросын олигархийн хөлөг Норвегид гацжээ

Нийтэлсэн

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүмүүсийн нэг, КГБ-ын ажилтан асан Владимир Стржалковскийн 68 метр урт тансаг ангиллын хөлөг онгоц шатахуунгүй болсны улмаас Норвегийн боомтод гацжээ.

Норвегийн Нарвик боомтод ирсэн хөлгийг орон нутгийн иргэд, байгууллагууд шатахуунаар цэнэглэхээс татгалзсан тул ийнхүү хөдлөх аргагүй болсон байна.

“Ragnar” буюу умардынхны хэлээр дайчин гэсэн утгатай нэр бүхий хөлөг дээр Британийн тэнгисийн флотод алба хааж байсан ахмад Роб Ланкестер тэргүүтэй 15 хүн ажилладаг гэнэ.

Багийн гишүүдийн дунд ганц ч орос хүн байхгүй, хөлөг Орост биш, Мальт улсад бүртгэлтэй байхад норвегичууд тэднийг ялгаварлан гадуурхаж байгааг Ланкестер гомдоллон ярьжээ.

“Бид бол зөвхөн өрнөдийн орнуудын иргэдээс бүрдсэн 16 хүнтэй баг. Бид хөлгийн эзэнтэй ямар ч холбоогүй хүмүүс. Бид хурдхан гэртээ харимаар байна” гэж тэр Норвегийн телевизэд ярьсан байна.

Одоо Ланкестер орон нутгийн захиргаанд хүсэлтээ бичгээр илгээгээд хариу хүлээж байгаа гэнэ.

Стржалковский металл үйлдвэрлэлийн Норильск Никель компанийн гүйцэтгэх захирал байхдаа ихээхэн хөрөнгөжсөн хүн гэгддэг. Тэрбээр арваад жилийн өмнө албан тушаалаас буухдаа $100 саяын шагнал авч байжээ.

Стржалковский дараа нь ОХУ-ын эдийн засгийн яамны дэд сайдын албыг хэсэг хашиж байсан ба одоо Динамо Москва хөл бөмбөгийн клубийн удирдах зөвлөлд ажилладаг юм.

Украинд ОХУ-ын зүгээс эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэнтэй холбоотой өрнөдийн эдийн засгийн хоригт Стржалковскийн нэр ороогүй байгаа.

Норвегийн засгийн газар Европын Холбооны хоригт нэр нь багтсан олигархиудын хөлөг онгоцыг хурааж авахад бэлэн байгаагаа илэрхийлж байв. Харин Стржалковскийн хувьд хоригт нэр нь багтаагүй тул хураах боломжгүй байгаа гэнэ.

Нарвик боомтын шатахуун түгээлтийг хариуцдаг менежэр Свен Холмлунд “Оросуудын Украинд хийж буй зүйл намайг хэлэх үггүй болгосон. Бид яагаад тэдэнд туслах ёстой юм бэ? Далбаагаа өргөөд ч хамаагүй буцсан нь дээр” гэж орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version