Улс төр
Ж.Батсуурь: Булаалгасан боломжоо буцаан авчирна
Ардчилсан намын даргад өрсөлдөж буй нэр дэвшигчид эдгээр өдрүүдэд орон нутагт ажиллаж, намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт хийж байна.
Хоёр парламентын сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээж, удирдлагын төвшиндөө эрх ашиг, өс хонзонг хайсан он жилүүдийг Ардчилсан нам туулж яваа. Гэхдээ дээгүүрээ хагаран хуваагдсан хэдий ч дунд, анхан шатны намын гишүүд нь эв нэгдэлтэй, ирээдүйн ялалтад итгэн тэмүүлсээр байгаа нь орон нутаг дахь Ардчилсан намын гишүүдтэй хийсэн уулзалтын үеэр тод харагдаж байлаа.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргад нэр дэвшигч Ж.Батсуурь “Одоо бидэнд өс зангидаж суух биш эвлэлдэн нэгдэж, хамтын удирдлагын зарчмаар бодлогоо зангидаж, улс орны хөгжлийн бодлогод идэвхийлэн оролцох нийгмийн шаардлага тулгараад буйг” гишүүддээ хандан уриалж байгаа юм. Тэрбээр “Нэгдмэл, Ялагч, Хүчирхэг, Цахим болгон хөгжүүлж, хамтын удирдлагын зарчимд суурилсан бодлого, үйл ажиллагаа явуулахаа” мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Мөн “Намайг зөвлөхөөр нь ажиллаж байсан учир Х.Баттулгын утсан хүүхэлдэй гэж цоллож буй хүмүүст жинтэй өрсөлдөгч гэдгээ ирэх өдрүүдэд харуулах болно. Үзэл санаагаараа ч, үйл хэргээрээ ч ардчилалд үргэлж үнэн явсан хүний хувьд энэ намынхаа мянга мянган гишүүд, дэмжигчдийн нэгэн адил сэтгэл чилээж, намаа эмхлэх, дахин хүчирхэгжүүлэх эрмэлзэл намайг энд авчирлаа” хэмээн мэдэгдсэн юм.