Энтертайнмент

Дэвид Бекхэм өөрийн Инстаграм хаягийг Харьковт ажиллаж буй украин эмчид өгчээ

Нийтэлсэн

Английн хөл бөмбөгийн од Дэвид Бекхэм 71.5 сая дагагчтай Инстаграм хаягаа Оросын цэргийн бүслэлтэд байгаа Украины Харьков хотын эмчид шилжүүлж өгчээ.

Хаягийг хүлээж авсан эмч Ирина нь Харьков хотын төрөх эмнэлгийн захирал юм байна. Тэрбээр Ням гарагаас эхлэн Бекхэмийн хаягаар эмнэлгийнхээ нөхцөл байдлын талаар мэдээлж эхэлсэн юм.

Оросын цэргийн эзлэн түрэмгийлэл эхэлсэн эхний өдрөөс хойш жирэмсэн эхчүүд, мэндэлсэн хүүхдүүд төрөх эмнэлгийн хонгилд хэвтэж байгаа ажээ.

“Бид амь насаа эрсдэлд оруулж байж болох ч энэ талаар бодох завгүй ажиллаж байна. Бид ажилдаа дуртай. Энд байгаа эмч, сувилагч нар айх цагтаа айж, уйлах цагтаа уйлж байгаа ч бууж өгөх бодолгүй байна” гэж Ирина бичсэн байна.

Хөл бөмбөгийн од Бекхэм 2005 оноос хойш ЮНИСЕФ-ийн элчээр ажиллаж байгаа ба Украинд дайн эхэлсэн цагаас хойш дагагч, фэнүүддээ хэлмэгдсэн энгийн иргэдэд хандив өгөхийг уриалж байсан юм.

Харьков хот бол Украины хоёр дахь том хот. Тус хот сүүлийн гурван долоо хоногийн турш Оросын цэргийн бүслэлтэд байна.

 

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version