Улс төр
Хөгжлийн Банкнаас зээл авсан зарим хүн шүдний чигчлүүр ч үгүй болчхоод байна. Үүнийг татвар төлөгчдөд үүрүүлэх эрсдэлтэй
Улсын Их Хуралд Хяналтын түр хороо байгуулах саналыг Ардчилсан Намын бүлгээс гаргажээ. Энэхүү саналыг Зөв хүн электорат эвсэл мөн дэмжиж буйгаа илэрхийлж, өнөөдөр хамтарсан мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хөгжлийн Банкны 1.7 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд байна. 2023 онд 800 сая ам.доллар төлөх ёстой гэтэл 2011 оноос хойш ажиллахдаа Хөгжлийн Банк ард түмний хүлээсэн шиг үр дүнд хүрсэнгүй.
Анх сансрын хөлгөөр нисэх хэмжээний юм мөрөөдөж, хийж зүтгэж байсан бол зээл авсан зарим хүн өнөөдөр шүдний чигчлүүр ч үгүй болчхоод байна. Цаашид үүнийг татвар төлөгчдийн нуруун дээр үүрүүлэх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн.
Өнөөдрийн мөрдөгдөж буй хууль, эрх зүйн орчны хүрээнд ажиллаж, Хяналтын түр хороог байгуулах санаачилга гаргалаа. Үүнд нийт зургаан гишүүн гарын үсэг зурж дэмжсэн. 19 гишүүний тоо хүрвэл түр хороог байгуулна” гэлээ.
Түүнчлэн тэрбээр өнөөгийн эдийн засгийн байдлаар “Монгол Улсыг хөгжүүлэх ёстой байтал хөгжүүлэхгүй юм шиг луйврын схем хийчихсэн байна. Гэтэл өнөөдөр түлш шатахууны үнэ нэмэгдэж, ам.долларын ханш 3,000 төгрөг давсан. Цаашид ч нэмэгдэж магадгүй байна. Валютын албан нөөц хоёр сарын дотор тэрбумаар буурлаа, юмны үнэ тэнгэрт хадаж байна.
Цагаан сарын өмнөхөн бид тэтгэврийн доод хэмжээг 500,000 төгрөг болгосон ч энэ нь нөлөөгүй болж эхэлж байна. Төрийн албан хаагчдын цалин 2, 3 жилийн өмнөхтэйгөө ижил хэмжээнд байгаа. Албан ёсны мэдээгээр Монголын ард түмний 30 хувь нь ядуурлын түвшингээс доогуур орсон. Албан тушаалтай эрх мэдэлтэй хүмүүсийн хийж байгаа болон хийхгүй байгаа зүйлээс болж нөхцөл байдал ийм болсон” гэв.
Т.Доржханд: Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтийг түргэвчлүүлж, ам.доллароор зээл өгсөн бол түүгээрээ л авъя
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Ардчилсан намын бүлгээс гаргасан саналыг ХҮН-ын даргын хувьд, Зөв хүн электорат эвслийг төлөөлж буйн хувьд бүрэн дэмжиж байна. Үүгээр барахгүй хяналт шалгалтын эрх мэдлийг цөөнхдөө өгөх саналыг гаргаж байгаа юм. 19 гишүүн байж болно, харин цөөнх нь даргалж, хяналтаа тавьдаг байхыг зорино. Ингэснээрээ авлига, хээл хахуулийн асуудлыг ярих боломжтой. Хөгжлийн Банкны асуудал нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэсэн. Энэ сарын 29-нд сонсгол хийх боловч үр дүн нь тодорхойгүй. Үр дүнтэй байлгахын тулд байнгын ажиллагаатай, мэдээллийг иргэдэд тогтмол өгдөг зэрэг ажлыг хийе гэж байгаа юм.
Хоёрдугаар асуудал нь улс орны эдийн засаг уруудсаар байна. Өнөөдөр монгол төгрөг ам.доллартой харьцах харьцаа хэд байгааг бодитойгоор мэдэх газар алга. Валютын нөөц ч унаж байна. Ийм үед гаднаас ам.доллароор зээл авчхаад тэрийгээ буцаагаад Хөгжлийн Банкнаас санхүүжүүлэх гэхээр мөнгө нь алга. Тиймээс зээлсэн хүмүүсээсээ буцааж авъя. Мөн ам.доллароор зээл авчхаад төгрөгөөр санхүүжүүлсэн хүмүүс бий, тэд дахиад завших гээд байна. Эргэн төлөлтийг түргэвчлүүлж, ам.доллароор зээл өгсөн бол түүгээрээ л авъя” гэлээ.
Түүнчлэн тэрбээр аль нам байхаас үл хамааран гишүүдийг гарын үсгээ зурахыг урив.