Нийгэм
Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргавал УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах үндэслэл бүрдэнэ
Ирэх Даваа гарагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх гэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай улсад хяналтын бурхан тэнгэр нь Үндсэн хуулийн цэц. Хамгийн дээд хяналтын Үндсэн хуулийн цэц хийдэг. Яагаад бурхан тэнгэр гэж хэлж байна вэ гэхээр хуулийг хүчингүй болгох, төрийн тэргүүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж огцруулах эрхтэй.
Энэ хяналтын дээд хэлбэр тунгалаг байж чадвал дээрээсээ эхлээд Үндсэн хуульд ёс хангагдаж, хүний эрх хамгаалагдана. Хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байх зарчим эндээс эхэлнэ.
Гэтэл нэг зүйл болоод байна. Бид Шүүхийн тухай хуулийг баталсан. Өмнө нь Үндсэн хуулийн цэцэд орон тоо гарахад Улсын дээд шүүх цэцийн гишүүний орон гарсан тоонд нэр дэвшүүлэхгүй хоёр жил хүртэл яваад байдаг байсан.
Харин Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Үндсэн хуулийн цэцэд орон гарсан тохиолдолд Улсын дээд шүүх 30 хоногийн дотор хуралдаад нэрээ дэвшүүлнэ гэдэг зүйлийг хуульчилсан.
Үүний дагуу Үндсэн хуулийн цэцийн даргын тэтгэвэрт гарах нас нь өнгөрсөн учир Улсын дээд шүүхээс цэцийн гишүүний орон тоог зарласан.
Гэтэл цэцийн дарга би тэтгэвэрт гарахгүй гээд дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хэрэг үүсгэчихсэн.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нийгмийн хамгийн дээд байгууллагуудын дунд маш том “зодоон” болж байгаа юм байна. Энэ Үндсэн хуулийн хямралд руу түлхэх нь ээ.
Монгол Улсын төрийн байгууллагын бүх албан хаагчдад тэтгэврийн нас адилхан үйлчилдэг. Гэтэл ҮХЦ-ийн дарга надад үйлчлэхгүй гэж яриад сууж байна.
Үүнийг анхаарахгүй орхиж болохгүй. Энэ дээр ямар байр суурьтай байна вэ Х.Нямбаатар сайд аа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатыг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Улсын дээд шүүхээс цэцэл илгээсэн суудал учраас тухайн орон тоон дээр сонгон шалгаруулалт хийх шийдвэрийг нийт шүүгчдийн хуралдаанаас гаргасан.
Энэ процесс явагдаж байхад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү шийдвэр гаргаад Улсын дээд шүүхийн энэ процессыг зогсоосон юм билээ.
Харин үүнээс өмнө 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр иргэн Т тухайн үеийн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан юм билээ. Тодорхой хэрэг маргааны асуудлаар.
Ингээд 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр иргэн Т-д ажлын албаны даргаараа дамжуулан дүгнэлт бичих үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн.
Дараа нь 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр одоогийн ерөнхий шүүгч Ганзоригт иргэн Т дүгнэлт гаргуулах тухай дээрх асуудлаар хандсан. Ингэхэд өмнө нь хариу өгсөн тул дүгнэлт гаргах боломжгүй гэдэг хариу өгсөн.
Энэ дээр Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд ирэх Даваа гарагт цэцийн долоон гишүүний бүрэлдэхүүнтэй Их суудлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ.
Хэрэв Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гарвал УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах үндэслэл бүрдэх нөхцөл байдалтай байгаа юм билээ. Надад байгаа мэдээлэл ийм байна.