Энтертайнмент
Найруулагч Спилбэрг “Squid Game” цувралын жүжигчдийг “танихгүй хүмүүс” гэж яриад шүүмжлүүлэв
Дэлхий дахиныг байлдан дагуулсан Өмнөд Солонгосын “Squid Game” цувралын жүжигчдийг “танихгүй хүмүүс” гэж тодорхойлсон Холливүүдийн нэрт найруулагч Стивен Спилбэрг олон хүний шүүмжлэлийн бай болж байна.
Бямба гарагт PGA Awards шагнал гардуулах ёслолын шүүгчдийн зөвлөлд үг хэлэхдээ тэр харьцангуй олонд танигдаагүй жүжигчдийг од болгоход Нэтфликс компани чухал үүрэг гүйцэтгэж байгааг магтаж ярьсан ажээ.
“Хуучин цагт одууд л үзэгчдийг кино театрт авчирдаг байлаа. Харин өнөөдөр танил бус хүмүүс бүхэл бүтэн цувралд, бүр кинонд тоглоод амжилт олдог болсон нь тун сонирхолтой” гэж Спилбэрг ярьжээ.
Эх орондоо төдийгүй Азийн болон дэлхийн зах зээлд танигдсан солонгос оддын талаар ингэж ярих нь бүдүүлэг, Америкийн дээрэнгүй үзлийн илэрхийлэл гэж шүүмжлэгчид үзэж байна.
Энэхүү цуврал өнгөрсөн оны есдүгээр сард Нэтфликс платформд нээлтээ хиймэгцээ дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулсан юм.
Өнгөрсөн сард АНУ-д болсон Screen Actors Guild Awards ёслолын арга хэмжээнээс “Squid Game” шагнал авсан нь англи бус хэлээр бүтээгдсэн цувралуудын хувьд анхны тохиолдол болж байв.
Эх сурвалж: Business Insider