Энтертайнмент

Уилл Смит тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Крис Рокоос уучлалт гуйлаа

Нийтэлсэн

Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын нэг дуулиан нь Холливүүдийн од Уилл Смитийн тайзан дээр гаргасан үйлдэл байсан юм.

Тэрбээр хөтлөгч, комедиан Крис Рокийг эхнэрийнх нь халзарсан толгойн талаар хошигнол хэлснийх нь төлөө тайзан дээр олон үзэгчдийн өмнө алгадсан юм.

Смитийн эхнэр Жада Пинкет өвчний улмаас толгой нь халзарч эхэлсэн тул үсээ хусуулсан юм байна.

Америкийн Кино Урлагийн Академи өчигдөр болсон үйл явдалд Смитийг буруутгаж, мөрдөн шалгах болсноо зарласан юм.

“Бид болсон үйл явдлын мөрөөр албан ёсны шалгалтыг эхлүүлж, Калифорни мужийн хууль тогтоомжийн хүрээнд ямар арга хэмжээ авахаа шийдвэрлэх болно” гэж Оскарын шагналыг зохион байгуулагчид мэдэгджээ.

Уг мэдэгдлийн дараа жүжигчин Уилл Смит өөрийн Инстаграм хуудсанд Крис Рокоос уучлалт гуйсан мэдэгдэл гаргасан байна.

Смитийн мэдэгдэлд “Өчигдөр орой Академийн шагнал гардуулах ёслолын үеэр миний гаргасан үйлдэл уучилж болшгүй зүйл гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Хошигнол бол миний ажлын нэг хэсэг. Гэхдээ Жадагийн эрүүл мэндтэй холбоотой хошигнол миний хувьд хэм хэмжээнээс хэтэрсэн явдал тул сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй юм” гэж бичжээ.

Тэрбээр Роктой шууд ярьж, уучлал гуйхыг оролдсон ч холбогдож чадаагүй байгаагаа бас бичсэн байна. Смит бас Оскарын ёслолыг зохион байгуулагчдаас, тухайн үед Рокийн гараас шагналаа авах гэж байсан нэрт теннисчин Уилльямсийн гэр бүлийнхнээс уучлал гуйжээ.

Крис Рок тухайн үед шилдэг баримтат киноны шагналын эзнийг зарлахаар тайзан дээр гарч ирээд байсан юм. Тэрбээр энэ үеэрээ “Жада, би чамд хайртай. G.I. Jane 2-ыг үзэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж хэлжээ.

“G.I.Jane” нь Дэми Мүүрийн гол дүрд нь тоглосон 1997 оны кино юм.

Уг киноны гол дүр үсээ хусуулсан байдаг.

Рок болсон явдлын талаар гомдол мэдүүлэхээс татгалзсан тухай Лос Анжелес хотын цагдаагийн газар сүүлд мэдээлсэн байна.

Exit mobile version