Эдийн засаг

Хөгжлийн банкны 1.8 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН чанаргүй зээлээс 16 тэрбумыг төлжээ

Нийтэлсэн

Хөгжлийн банктай холбоотой ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр 09.00 цагт Төрийн ордонд болно.

Энэ үеэр Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох байгууллагуудын тайлан, мэдээллийг танилцуулна. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос сонсголыг зохион байгуулах юм.

НЭГДҮГЭЭР САРЫН 23-НААС ХОЙШ ЮУ БОЛОВ?

Хөгжлийн банкны захирал Н.Мандуул нэгдүгээр сарын 23-ны өдөр тус банк хүнд байдалд орсныг зарлан, чанаргүй 25 зээлдэгчийн нэрс, тэдний авсан зээлийн хэмжээг зарласан. Удалгүй буюу 31-нд дахин 17 зээлдэгчийн нэрсийг зарласан юм. Ингээд тус банкны НЭГ ИХ НАЯД 873 ТЭРБУМ төгрөгийн зээлийн эргэн төлөлт саатсан нь ил болов. Нийт активынх нь 53 хувь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл болжээ.

Энэ сарын 14-ний өдрийн байдлаар нийт 104 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн төлөөд байна. Зээлийн ангиллаар авч үзвэл

Хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 26 тэрбум төгрөг,
Анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 61 тэрбум төгрөг,
Чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16 тэрбум төгрөг байна.
Чанаргүй зээлийн багц 1.8 их наяд төгрөг атлаа эргэн төлөлт нь ердөө л 16 тэрбум төгрөг байгаа нь чамлалттай. Хэвийн зээлдэгчийн ангиллаас “Сод монгол групп” ХХК 3.6 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банк 1.0 тэрбум төгрөг, Голомт банк 0.3 тэрбум төгрөг,

Анхаарал хандуулах ангилалтай “Макс Рөүд” ХХК 19.0 тэрбум төгрөг, “Вояжер Минерал Ресурсес” ХХК 3.6 тэрбум төгрөг нийт 27.6 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлжээ. Эдгээр зээлдэгч зээлийн дансаа хаасан байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРХ БҮХИЙ 14 АЛБАН ТУШААЛТНЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАВ

Улсын ерөнхий прокуророос энэ сарын 23-нд өгсөн мэдээллээр Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан холбогдсон хэрэг бүртгэлтийн 33 хэрэг, мөрдөн байцаалтын 7 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Мөрдөн байцаалт явуулсан долоон хэргээс хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. Тухайлбал:

Н.Мөнхбат нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг шүүх хэлэлцээд Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Мөнхбатыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ялаас чөлөөлсөн бол “НВЦ” ХХК-ийн нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд прокурорт буцаасан. Одоо хэрэг бүртгэлтийн 29, мөрдөн байцаалтын 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Арилжааны банкнууд дахь 104 харилцах болон хадгаламжийн данс, 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус тус прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын дээрх 41 хэрэгт нийт 74 аж ахуйн нэгжид нийт 2,383,007,436,094 /хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум/ төгрөгийн зээл олгосон болон зээлийн зарцуулалттай холбоотой үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор шалгаж байгаа.

Үүнээс 12 хэрэгт Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд болох 14, зээл авсан аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтан 8, нийт 22 хүнд холбогдуулан Эрүүгийн хуульд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “Хахууль авах”, “Хахууль өгөх”, “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт шалгагдаж байгаа аж ахуйн нэгжид учирсан хохирлоос одоогоор 107,360,311,183 /нэг зуун долоон тэрбум гурван зуун жаран сая/ төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна.

Гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 47 аж ахуйн нэгж, 61 иргэний 664 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 763 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 харилцах болон хадгаламжийн данс, 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус тус прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан.

ХӨГЖЛИЙН БАНКАНД ТОМООХОН АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙСАН ДОЛООН ХҮНИЙГ ЦАГДАН ХОРИВ

Нэгдүгээр сарын сүүлээр Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг зарласны дараа шүүх хурлууд ар араасаа болсон. Хөгжлийн банканд удирдах албан тушаал хашиж байсан долоон хүнийг 15 хоногоос нэг сарын хугацаатай баривчлав. Тодруулбал:

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр /Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 1 сар/
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан үндэслэлээр 1 сар/
Хөгжлийн банкны зээлийн хорооны гишүүн тус банкны дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр /Гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэлээр 1 сар/
Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу /Гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэлээр /1 сар/
Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар /Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 1 сар/
Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Энхбат /Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 1 сар/
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр нэг сарын хугацаанд тус тус цагдан хорилоо.
БУСАД ҮЙЛ ЯВДЛУУД

Засгийн газрын 2016 оны 36 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Хөгжлийн банканд хийсэн шалгалтын талаарх төрийн нууцад байсан баримтыг Засгийн газрын энэ сарын 16-ны өдрийн “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” 114 дүгээр тогтоолын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын 22-ны өдөр албажуулан тус яаманд ирүүлжээ. Иймд ХЗДХЯ нууц материалуудыг олон нийтэд ил болгов.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс энэ сарын 4-нд “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ үеэр АН-ын удирдлагууд Хөгжлийн банкны тухай хуульд 2017 онд өөрчлөлт оруулан, УИХ-ын хяналт дор, Засгийн газрын тогтоолоор зээл олгодгийг зогсоосон нь тогтолцооны том алдаа болсныг онцлов. ХБ-ны ТУЗ зээл олголтыг бүрэн хариуцдаг болсон нь буруу гэв.
“Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат өнгөрсөн сарын 25-нд хэвлэлийн хурал хийн, “Байшин угсрах комбинат дахь үйлдвэр ашиглалтад орсныг Засгийн газраас сайшаасан. Үйлдвэрийн хувьд ганц байшин барьдаггүй сургууль, цэцэрлэгтэй нь барьдаг. Манай зээл, үйл ажиллагаа бүх шалгалтаар ороод батлагдчихсан. Асуудал байхгүй. Найдваргүй зээлдэгч биш” гэв.
Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар өнгөрсөн сарын 25-нд хэвлэлийн хурал хийж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Уранчимэг нэр бүхий хоёр хэргийг хянан шийдвэрлэх хугацааг үндэслэлгүй саатуулан, ажлын хариуцлага алдсан тул Шүүхийн сахилгын хороо энэ асуудлыг хэлэлцээд, н.Уранчимэг шүүгчид хариуцлага тооцсон гэв.
“Вояжер Минерал Ресурсес” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Бямбацоож, ТУЗ-ийн дарга Ч.Чинбат нар “Манай компани Хөгжлийн банкнаас зээл авахад УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ямар ч нөлөө ороогүй” гэв. Тус компани “Хөх булгийн уурхайн хүдэр баяжуулах эко үйлдвэр” барих төсөлдөө 12.5 тэрбум төгрөгийн зээлийг “Алт-2” буюу экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зээлжээ. Үлдсэн дөрвөн тэрбум төгрөгийг бид компанийн дотоод нөөц бололцоогоо ашиглан гаргасан гэв.
ХӨТӨЛИЙН “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХК ХАМГИЙН ИХ БУЮУ 295 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ

Засгийн газрын гуравдугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, үйлдвэрийг төрийн өмчид авахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэртэй холбоотойгоор тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Лүндэгийн Наранбаатарыг томилж буйг тус үйлдвэрт ажиллаж буй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл энэ сарын 25-нд танилцуулав.

БАРЬЦАА ХӨРӨНГИЙГ 3.1 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЖЭЭ

Яг нэг сарын өмнө Хөгжлийн банкны удирдлагууд Төрийн ордонд мэдээлэл өгсөн юм. энэ үеэр нийт барьцаа хөрөнгийг 3.1 их наяд төгрөгөөр үнэлсэн гэв. Үүний

42 хувь буюу 1.3 их наяд төгрөг нь хөдлөх хөрөнгө,
31 хувь буюу 994 тэрбум төгрөг нь үл хөдлөх хөрөнгө,
25 хувь буюу 786 тэрбум төгрөг нь ирээдүйд бий болох хөрөнгө,
2 хувь буюу 78 тэрбум төгрөг нь батлан даалтын барьцаа хөрөнгө байна. Нийт зээлийн 60 хувь нь барьцаа хөрөнгө хүрэлцээгүй байгаа бол ирээдүйд бий болох хөрөнгийг хасвал энэ хувь 69 хүрэх төлөвтэй байна.

Зээлдэгчийн нэр Нийт үлдэгдэл
(төгрөгөөр)
Зээлдэгчийн нэр Нийт үлдэгдэл
(төгрөгөөр)
1 ХӨТӨЛ ХХК 295,702,295,236 6 ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ ХХК 213,620,116,133
2 КЬЮ ЭС СИ ХХК 295,702,295,236 27 МОНГЕМА ХХК 12,618,524,859
3 ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ 118,543,557,769 28 МОНГОЛ МИКРОН КАШМЕР ХХК 12,214,631,849
4 БЭРЭН ГРУПП ХХК 115,625,298,166 29 ПЕТРОЛЕУМ ПРОДАКШН ХХК 12,039,691,808
5 МОНПОЛИМЕТ ХХК 113,563,799,978 30 ЗЭСТ-ӨНДӨР ХХК 11,708,285,681
6 ЭРЭЛ ХХК 106,566,343,26 31 ИНЖИР ХХК 7,637,584,207
7 ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦ 96,651,553,645 32 МОН ЛАА ХХК 7,565,145,894
8 ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦ 74,887,806,099 33 ШАНХ МАЙНИНГ ХХК 7,265,195,577
9 НВЦ ХХК 74,115,828,990 34 ГАЗ-ИМПОРТ ХХК 7,161,938,149
10 ЭРЭЛ ХХК 55,940,388,903 35 ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ ХХК 6,758,398,404
11 КАПИТАЛ БАНК 54,427,828,862 36 МОДУН ХХК 6,052,452,707
12 АЧЛАЛ ТРЕЙД ХХК 52,515,972,495 37 ГАН ХҮДЭР ОРД ХХК 5,507,776,630
13 МОНГОЛ ДРАЙ МИЛК ХХК 49,439,032,529 38 СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ХХК 5,416,406,606
14 БЭРЭН ГРУПП ХХК 44,060,193,430 39 МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК 4,611,789,456
15 ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ 43,339,302,130 40 ПИ СИ ВАЙ ХХК 4,559,347,917
16 МОНГОЛ МАХ ЭКСПО ХХК 38,965,849,49 41 КОМПЛАНТ ХХК 3,858,857,682
17 ЭНСАДА-ИСТЕРН ХХК 34,587,000,409 42 МОНГОЛ МИКРОН КАШМЕР ХХК 3,277,730,912
18 ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦ 25,649,932,438 43 ДЭД БҮТЭЦ ИНЖЕНЕРИНГ ХХК 2,805,877,807
19 ТҮГЭЭМЭЛ ТҮМЭН ХИШИГ ХХК 23,999,756,195 44 БОЛОР ШҮР ХХК 2,377,570,949
20 ПИРАМИД-ОРД ХХК 23,245,972,231 45 МОНПЕЛЛЕТС ХХК 2,306,530,381
21 КРЕДОС ХХК 22,846,379,660 46 СТРОЙ-ИНВЕСТ ХХК 2,301,294,925
22 СОНГОУЛД ХХК 19,649,829,591 47 КРЕДОС ХХК 2,286,230,196
23 МОНДУЛААН ТРЕЙД ХХК 17,847,436,202 48 ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ ХХК 1,707,585,440
24 МОНДУЛААН ТРЕЙД ХХК 17,064,787,299 49 ЧИНГИС ХААН БАНК 1,153,239,192
26 МБҮ ТРЕЙД ХХК 16,806,794,847 50 ЭРД ХУЛ ХХК 598,052,000
Exit mobile version