Улсын их хурал

Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнийг, Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн нарыг нээлттэй сонсголд дуудлаа

Нийтэлсэн

Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын нээлттэй сонсгол эхэллээ. Нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ удирдаж, бүх талын оролцогч нарыг хамруулан зохион байгуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Т.Доржханд нар Нээлттэй сонсголд шаардлагатай хүмүүсийг заавал оролцуулж, мэдээлэл өгч, асуултад хариулт авахыг шаардлаа. Тодруулбал, Ерөнхий прокурор, АТГ,  ЦЕГ-ын дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Ерөнхий аудитор нарыг заавал дуудаж авч ирэхийг шаардав. Тэд нээлттэй сонсголд төрийн байгууллагуудын дэд, орлогч дарга нарыг бус ерөнхийлөгч, дарга нарыг оролцуулж, асуултад хариулт өгөхийг  шаардлаа. Мөн хамгийн их зээл авсан Голомт, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг дуудахыг шаардав.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хэлэлцэх асуудалтай холбоотой хоёр зүйл хэлье. Хяналт шалгалтын тухай хуулийг УИХ-аас гаргасан. Энэ бол ард түмний төлөөлөгчийн дээд байгууллага бол УИХ-ын хяналт шалгалтын хамгийн дээд хэлбэрийг хуульчилсан. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хийсэн. Энэ хуулийг баталснаас хойш хамгийн анхны нээлттэй сонсгол болох гэж байна. Тиймээс бид ерөнхий хяналтын сонсголыг агуулгатай нь сайтар холбож авч үзэх ёстой. Хуульд зааснаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авна.  Энэ бол УИХ-ын гишүүн хувь хүнийхээ хувьд асууж байгаа зүйл биш. Ард түмний төлөөлөгчийн хувьд асууж байгаа юм. Хариулж байгаа этгээд УИХ-ын гишүүнээр дамжуулж хариултаа өгнө. Энэ бол УИХ-ын хяналтын гол утга. Би хэвлэл мэдээллийн байгууллагынхныг асуулт асуух ёсгүй гэж хэлж байгаа юм биш. Энэ хяналтын сонсголд асуулт асууна гэж байхгүй байгаа шүү. Коридорт олон нийтэд зориулсан асуултаа асууж болно. Харин УИХ-ын хяналт хуулийн дагуу, зарчмынхаа дагуу явах ёстой. АНУ-ын Сенатыг харж байгаа байх. Сенатын гишүүд л асуулт асууж, хариулт авдаг. Тэнд худлаа ярих ёсгүй. Худлаа яривал тэр хүн хуулийн хариуцлага хүлээдэг. Үр дагавар нь ийм онцлогтой байдаг. Тиймээс хуулиа баримтлах тал дээр анхаар. Бүгд асууж болно, гэхдээ ямар ялгаагүй болдог юм. Дуртай бүгд нь асуухаар парламент утгагүй болж, коридорт гарна гэсэн үг. Тиймээс ард түмнийг төлөөлөх парламентын хүч суларч болохгүй. Хоёрт, энэ сонсголыг хариуцлагатай, ажил хэрэгч байлгах үүднээс хэд хэдэн хүнийг заавал байлга гэж шаардсан. Нэгд, орлогч, дэд дарга нарыг байлгахгүй. Байгууллагын дарга нар өөрсдөө байх ёстой. Жишээ нь, Монголбанкны дэд ерөнхийлөгч өгнө гэсэн байна. Ерөнхийлөгчийг нь авчир, Б.Лхагвасүрэн өөрөө ирж хариул. Үндэсний аудитын тайланг гуравдугаар газрын захирал тавина гэж. Үгүй ээ, Ерөнхий аудитор өөрөө ир. Эдгээр хүмүүсийг авчир. Хуулийн байгууллагын дарга нар хаана байна. Монгол Улсын Ерөнхий прокурор, АТГ, ЦЕГ-ын дарга нарыг байлга. Асуулт байна, хэн хариулах юм бэ. Дөрөвт, энэ банкийг дампууруулсан, найдваргүй зээл болгосон хэдхэн компани, хэдхэн хүнтэй холбогдож байна. Хөгжлийн банк үндсэндээ Худалдаа хөгжлийн банкны охин компани хэлбэртэй болсон гэдгийг бүгд мэдсэн. Тиймээс Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны удирдлагыг авчирмаар байна. Дараа нь, Хөгжлийн банкинд хариуцлагатай алба хашиж байсан, хамаарал бүхий этгээдүүдээс асуух асуулт байна. Жишээ нь, Я.Сод-Эрдэнэ /Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын ах/ бол төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий хүн. Хөгжлийн банкны зээлийн газрын захирал байсан хүн. Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нарыг дууд. Хөгжлийн банкны зээлийн газрын захирал байсан. Энэ хүмүүсийг дууд, асуух асуулт байна.

-УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ард түмэн, олон нийт, улс төрийн намуудын хувьд маш их хүлээсэн сонсгол гэж ойлгож байгаа. Тиймээс үр дүнтэй баймаар байна. Үр дүнтэй байлгахын тулд тодорхой мэдээлэл өгөх хүмүүсийг оруулах нь зүйтэй. Хоёр сарын өмнө сүртэй хэлэлцүүлэг хийсэн. Хоёр сэтгүүлч зогсоож байгаад маш сайн хэлэлцүүлэг хийсэн. Үр дүн хаана байна. Одоо энд нэхэх ёстой. Тиймээс холбогдох эрх бүхий албан тушаалтнуудыг дууд. Монгол Улсын парламент шийдвэр гаргадаг дээд байгууллага юм бол дуудаж авчрах хэрэгтэй. Эхлээд эрх барьж байгаа намын дарга Л.Оюун-Эрдэнийг дууд. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг дууд. Учир нь, камерын, иргэдийн өмнө амлалт өг. Хоёрт, АН-ын удирдлагууд аль талд байна, дууд. Яагаад гэвэл АН, МАН засаглаж байхад энэ хулгай гарсан. Тухайн үед засаг барьж байсан Ерөнхий сайдуудыг дууд. Би Б.Энхбаяр гишүүнтэй санал нэг байна, хуулийн байгууллагын удирдлагуудыг дууд. Өнөөдөр АТГ-ын дарга, Ерөнхий прокурор хоёр энд заавал сууж байх ёстой. Хамгийн их зээл авсан нөхдүүдийг дуудаач. Юун, дөрвөн зээлдэгчийг саналаар нь оруулж байна ч гэх шиг, ойлгомжгүй юм яриад байна аа.  Хамгийн их зээл авсан сахал Эрдэнэбилэг, Х.Баттулга гэдэг нөхрийг дууд. Хамгийн их зээл гаргасан Ерөнхий сайд нь энд сууж байх шиг байна /Алтанхуяг/, дараагийнх нь бас байх шиг байна. Фортуна Батбаяр гэдэг хүнийг дууд. Ийм байдлаар асуудлаа ярьж, эндээс үр дүн гарах ёстой.

-Хурал даргалагч Ж.Бат-Эрдэнэ: Нээлттэй сонсголоос ямар нэгэн шийдвэр гарахгүй. АТГ, ЦЕГ, УЕПГ-ын дарга нарыг дууд. Монголбанкны ерөнхийлөгч, Ерөнхий аудитор мөн дууд.

Exit mobile version