Нийгэм

С.Энхболд: Цар тахал эмч нарын ур чадвар, өргөсөн тангаргыг шалгасан сорилт байлаа

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Дэлхийн Эмч нарын өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүллээ.


 

Мэндчилгээнд ““Дэлхийн Эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарын үе үеийн ахмад эмч, эх орныхоо өнцөг булан бүрт болон дэлхийн бусад улсад ажиллаж, амьдарч байгаа нийт эмч нартаа Эрүүл мэндийн яамны хамт олны зүгээс болон хувиасаа халуун баярын мэндийг дэвшүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх, дэмжих, эмчилж эдгэрүүлэх ариун үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж мэндчилье.

2020-2022 оны коронавируст халдварын нөхцөл байдал, 2021-2022 онд тохиолдсон цар тахлын 4 давалгаанаас улбаалж 2020, 2021 онд та бид “Эмч нарын өдөр”-ийг тэмдэглэлгүй алгассаны эцэст энэ онд баярын өдрөө хамтдаа тэмдэглэж байгаа билээ.

Цар тахлын энэхүү хүнд давалгаанууд манай мэргэшсэн эмч, резидент эмч нарын ур чадвар, өргөсөн тангарагтаа хэр үнэнч болохыг шалгасан томоохон сорилт болсон бөгөөд Монголын нийт эмч эрүүл мэндийн бусад ажилтны хамт энэхүү давалгаануудыг үлгэр жишээчээр амжилттай даван туулж, ард олноосоо талархал хүлээж, хүндлэгдэж байгаа нь үнэхээр бахархууштай.

Эрүүл мэндийн яамны зүгээс 2022 оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарлаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, “Хэнийг ч орхигдуулахгүй байх”, “Эрүүл мэндийн тэгш байдлыг хангах” гэсэн эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогын үндсэн зарчмыг бодитойгоор хэрэгжүүлж,  иргэддээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, аюулгүйгээр үр ашигтай, шуурхай хүргэх, эх орондоо оношлогдож, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Донорын тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг шинээр, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулж байна. Эрхэм эмч, эрүүл мэндийн салбарынхан та бүхэндээ хамгийн сайн сайнан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Exit mobile version