Улс төр

“Муу нэртэй луу данстай” ч Х.Баттулгаас өөр сонголт алга

Нийтэлсэн

С.Эрдэнэ нарын тарааж орхисон АН-ын даргыг сонгох сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөж, ид дундаа халуурч байна. Олон нийт зөвхөн АН-ын дотоод сонгууль гэж харж байгаа ч УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн хэмжээнд дүйж очихуйц бийлэгжүү өрнөж байгаа бололтой. Нэгэн цагт Монголын улс төрийн баруун жигүүрийг дүүрэн эзэлж байсан АН-ын орон зайг  нийгэм өөрөө нэхээд эхэлжээ.

Тэгэхээр АН-ыг аврах чухал цаг үе тулсан учраас энэ удаагийн сонгуулийн үр дүнг анхаарах ёстой. Хоёр бөх барилдахад нэг нь давдаг учраас хоёр нэр дэвшигчийн нэг нь ялж нөгөө нь улстөржөөд үлдэнэ. Ихэнх хүмүүс сонирхолгүй “наадам” болж байгаа учраас хэн нь ч давсан яахав гэж байгаа. Тэгээд ч АН-ын даргыг сонгох “наадам”-д улсын дархан аварга, аймгийн найрааны арслан хоёр үзэж байгаа мэт хүч тэнцвэргүй, сонирхолгүй байна.

Гагцхүү улс төр, нийгэм АН-ын дуу хоолойг нэхэж байгаа учраас иргэн хүний хувиар аль нэг нэр дэвшигчийг дэмжихээс өөр аргагүй сонголтын өмнө зогсоно. Өөрөөр хэлбэл АН-ын эв нэгдлийг бий болгож байж эрх баригчид хяналттай болно. Тэр хяналт дор төрийн хэрэг хэрэгжих учраас эгэл жирийн иргэнээс эхлээд дарга, сайд хүртэл АН-ын байр суурь нэн хэрэгтэй байгааг цаг хугацаа өөрөө харуулсаар. Иймээс нэгэнт нэрээ дэвшүүлсэн хоёр нөхрөөс аль нэгийг нь сонгож байж АН-ын цаашдын хувь заяа шийдэгдэнэ.

Шуудхан хэлэхэд АН-ын цаашдын хувь заяаг Ж.Батсуурьт даатгана гэдэг “Чононд хонь хадгалуулах”-тай адил зүйл. Түүний хувьд өрсөлдөгчөө, АН-аа 30 жил байр суурьтай байлгасан үе үеийн нөхдийг харааж зүхэн сонгуульдаж байна. Нэг аймгийг хэл амтай удирдаж ирсэн нөхөрт үндэсний хэмжээний нам нэгтгэх чадвар дутна. Бүх талаараа дутаж, дэндүү балчирдана. Тэгээд ч аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Иргэдийн хурлаа байнга хоёр хувааж, идэж ууж ирсэн Ж.Батсуурьт АН-ын хувь заяаг даатгах нь энэ намыг нэг мөр булшиллаа гэсэн үг. Гэхдээ тэр ялах ч үгүй биз дээ.

Яахав, “Муу нэртэй луу данстай” ч Х.Баттулгыг дэмжихээс өөр сонголт АН-д болон гишүүд дэмжигчдэд байхгүй л болов уу. Түүнд сайн ч зүйл бий, муу ч зүйл бий. Энэ ч дүүрсэн хэрэг. АН-ыг аврах том асуудал нийгмийн өмнө тулгарчээ. Цаашлаад Монгол Улсын төр, нийгэмд хэрэгтэй зүйл учраас “Женко”-гийн хар бараан дансыг түр хойш тавъя. Түүнээс мартаагүй гэдгийг сануулъя.

Юуны өмнө тэр хүчирхэг МоАХ-г ихэнх цаг хугацаанд АН-ын хойморт байлгаж чадсан цор ганцхан тэргүүлэгч. Тус фракцийн тэргүүнээр 16 жил ажиллахдаа УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа, салбарын сайдаар хоёр удаа, Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдож ажилласан зангарагтай гэж болох хүн. Мэдээжийн хэрэг энэ фракцийг зохион байгуулж, санхүүжүүлж байсны хүчээр тэр өндөрт заларч байсан нь үнэн. Олон ургальч үзэл бүхий АН-ын өвөг фракцийг 16 жил нэгэн хайрцаганд барина гэдэг амаргүй. МоАХ бол АН-ын зүрх, амин сүнс гэдэгтэй хэн ч маргахгүй.

“Женко” 16 жилийн турш санхүү, зохион байгуулалтаас эхлээд энэ фракцийг АН-ын хойморт байлгаж чадсан. Өнөөдөр АН тарж бутраад олон жил болж байгаа ч “Женко” МоАХ-г орхиж яваагүй. Байр сав, санхүүгээс эхлээд олон зүйл дээр өргөж дэмнэж явна. Гэтэл “Алтангадас”-ын нэрээр өндөрт заларч асан Н.Алтанхуяг “Алтангадас”-аа бүү хэл АН-аа хаяад зугтсан. Энэ утгаараа Х.Баттулга АН хэмээх сүйрсэн хөлөг онгоцыг их далайд дахин хөвүүлж чадна гэх найдлага бий.

Тэр Ж.Батсууриас сайн муу олон талаараа илт давуу гэдгийг надаар хэлүүлэх хэрэггүй биз. Гэхдээ товчхон дурдахад аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг орон нутгийн компанитай хамтран Сүхбаатар аймагт “дээрэм” хийж явахад Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга гадны компанитай хамтран, төмөр зам нэрээр мөнгө “хүүлж” явав.

Засаг дарга Ж.Батсуурийг “Орон нутгийн хөгжлийн сан”-нд гар дүрж явахад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс хэдэн арван тэрбумаар нь “тууж” явсан нөхөр. Засаг дарга асан Ж.Батсуурийг АТГ-ын үүдэнд чулуу нясалж суухад Ерөнхийлөгч Х.Баттулга “хэлтрүүлж” явсан гээд дурдаад байвал харьцуулах аргагүй хоёр нөхөр.

Ийнхүү муу талаар нь жишээд үзсэн ч “Женко” нь хол давна. Нөгөө талаар АН-ын лидерүүд яагаад даргын сонгуульд нэрээ дэвшүүлээгүй юм гэхээр хүнд цаг үед Х.Баттулгын өөдөөс сөрж өрсөлдөөд нэмэргүй гэдгийг ойлгосон. Түүнд найдсан ч байх. АН-ынхан чинь өнгөн дээрээ үзэж тарж байдаг ч ойлголцохдоо хүрвэл хамгийн амар гэдгийг олон жишээ хэлж өгнө.

Өдгөө ид өрнөж байгаа сонгуулийн үйл явц, илд далд явуулгаас харахад Ж.Батсуурь ихэд шатаж бухимдаж явааг уулзалт бүрийн дүр зургаар харж болно. Өрсөлдөөн үзээгүй жижиг гарын Ж.Батсуурь шатахдаа АН-ын бүх цаг үеийн гишүүдийг харааж зүхэж яваа нь хэтдээ эв нэгдэл гэж энэ хүнээс хайх хэрэггүйг харууллаа. Мөн өрсөлдөгчөө харлуулсан сонин хэвлэн ил далд тарааж байна.

Тэр үүгээрээ ганцхан Х.Баттулгыг бус давхар АН-аа муу муухай харагдуулж байгаагаа ч ойлгож байгаа юм алга. Харин Х.Баттулга өрсөлдөгчөө болон АН-аа огт муучилж харлуулахгүй явна. Олонд танигдсан ч хүн юм, нохой ч хүн учраас гишүүд дэмжигчдэд адил тэнцүү харилцаа бий болгож байна. Ингэхдээ “Би намын дарга болбол тамга тэмдэгний асуудлыг шийдвэрлэнэ. Эв нэгдлийг бий болгоно.

Ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ыг олонхи болгоно гэсэн гурван зүйл л ярьж яваа. Энэ үндсэн гурван асуудал дээр улс төрийн нам оршин тогтнодог л доо. Нохой гэснээс Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нэгэнтээ “Х.Баттулга бол нохой, нохой гэхдээ манай нохой” гэсэн нь ямар нэгэн учиртай биз. Хашир өвгөн нэгийг харж, хоёрыг тунгааж хэлсэн байх.

Намын дарга байхад нэг том асуудал бий. Ялагдсан намын дарга байна гэдэг тун хэцүү. Тэр тусмаа туйлдаж унасан намыг ямар ч сайн хүн аваад хөрөнгө чинээгүй бол цааш явдаггүйг бид сайн мэднэ. Тэгэхээр аймгийн хэмжээний Ж.Батсуурь ямар хөрөнгөөрөө энэ намыг өөд нь татах юм. Харин хөрөнгөөрөө улсдаа дээгүүрт жагсах “Женко” бол нэг намыг бүү хэл санхүүжүүлэх хөрөнгөтэйг монголчууд мэднэ.

Х.Баттулгад сайн талаас нь яриад байвал Ерөнхийлөгч байхдаа үндэсний эв нэгдлээ эрхэмлэж, иргэдийн амьдрал ахуйг өөд татахыг хичээж, өдгөө ашиглалтад орохоор зэхэж байгаа Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд биечлэн анхаарч, өндөр настны тэтгэвэр тэглэхэд голлон оролцож гэх мэт олон эерэг зүйлийг хөндөж болно. Уг нь үндэсний үзэлтэй, эх оронч энэ нөхөр ёстой л “Манай нохой” мөн. Муу талаас нь яриад байвал төмөр замын овоолсон шорооноос мөнгө босгосон, Майдар хот, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс мөнгө завшсан, банкны зээл төлбөр, хувьчлал гэх мэт шүүхээс эцэслэн тогтоож буруутгаагүй ч олон зүйлийг бас түүнд нааж болно.

Угаасаа түүнд юуг ч хамаатуулж болохоор улс төр, бизнест домог болчихсон нөхөр аж. “Сайнтай муутай сав дүүрдэг” ёсоор АН-ын даргад өрсөлдөж байгаа “Женко” гэдэг хүн өөрөө сайн муугийн нэгдэл байж таарна. Ж.Батсуурийн хувьд ч талбай жижиг ч гэлээ сайн муугийн л нэгэн нэгдэл. Гагцхүү Монгол Улсын төр, нийгэмд АН ус агаар мэт хэрэгтэй болсон энэ цагт тарж бутарсан намыг эмхлэн нэгтгэх хүн нь “Муу нэртэй луу данстай” ч Х.Баттулга л байж таарна.

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version