Улс төр
Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш эхэлнэ
Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2022 оны Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа. Энэ удаа нийслэлд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 3574 иргэн бүртгүүлсэн байна.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд нийслэлийн засаг захиргааны тавдугаар байр Улаанбаатар театрт таван ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 1-ний 08:15 цагт эхлүүлнэ.
Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Шалгалтын товлосон цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.
Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа нэг удаагийн код хүлээн авч, нууц үгээ солино. Мөн баталгаажилтын хуудсаа хэвлэж ирнэ үү хэмээн шалгалт зохион байгуулах салбар комиссоос мэдээллээ.