Улс төр
НББХ: “Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” тогтоолын төслүүдийг батлав
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.03.30) хуралдаан 13.20 цагт 58.8 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Эхлээд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт /Засгийн газар 2022.03.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/-ийг хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаанд энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Танилцуулгадаа, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74.5 хувийн (өссөн дүнгээр 19.5 хувь) хэрэгжилттэй байна гээд хөтөлбөрийн хэрэгжилтийн хувийг бодлого тус бүрээр танилцуулсан.
Мөн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 9 зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй байгааг танилцуулахын зэрэгцээ Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байгааг танилцууллаа. Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны харъяалах асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Ч.Ундрам, Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл, Д.Батлут нар асуулт асууж, хариулт авав. Гишүүд эрүүл мэндийн салбарынхны цалингийн нэмэгдэл, гүйцэтгэлийн санхүүжилтийн олголт, эрт илрүүлгийн явц, хувь зэрэг асуудлаар тодруулж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад салбарын яамдын холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.
Асуулт асууж, хариулт авсныхаа дараа гишүүн Б.Бейсен, С.Чинзориг, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ийнхүү Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт-ийг хэлэлцээд, Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо.
Дараа нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүн нэр дэвшсэнтэй холбогдуулан, мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд даатгуулагчийг төлөөлсөн гишүүн нэр дэвшсэнтэй холбогдуулан нэр дэвшигчийн сонсгол хийх тул Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Нийтийн сонсголын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Монгол улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсгийг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулахаар товлож, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийг томилох, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулахаар товлож, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийг томилох тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар батлав.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Монголын үйлдвэрчний холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын томилогдсон хугацаа нь дууссан, Монголын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Батзул нь чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд тус холбооны нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа нарыг нэр дэвшүүлсэн байна. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүн Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатарын томилогдсон хугацаа дууссан тул тус холбооноос Улаанбаатар төмөр замын Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндоржийн нэрийг дэвшүүлсэн байна.
Харин Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Ц.Цолмонгэрэл нь чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн, Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа нарыг нэр дэвшүүлжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.