Улс төр

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ш.Адьшаа, Д.Батлут, Н.Наранбаатар, Г.Дамдинням нар өнөөдөр /2022.03.30/ Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын 20 гишүүн санаачлан боловсруулсан байна.

Улсын Их Хурал 2003 онд 54-р тогтоолоор “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл” баталж, 2009 онд үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, татварын таатай орчинг бий болгох, улмаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, шинээр ажлын байрыг бий болгох, нарийн технологид суурилсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж байжээ.

Хууль хэрэгжиж эхлээд 10 гаруй жил өнгөрсөн боловч өнөөдрийг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж буй үйлдвэрлэл, технологийн парк байхгүй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байна гэж хуулийн төсөл санаачлагч С.Бямбацогт онцлов.

Улсын Их Хурлын Тамгын газраас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийсэн байна. Тус үнэлгээнд “Засгийн газар паркийн үйл ажиллагааг хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор үнэт цаас гаргах, хөнгөлөлттэй зээлд хамруулах, хөрөнгийн баталгаа гаргах зэрэг хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хууль хэрэгжихгүй байх шалтгаан болж байна. Парк хөгжих гол үндэс нь дэд бүтцийн бүтээн байгуулалт бөгөөд дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэхгүйгээр дараагийн хөгжлийн асуудлыг хөндөх боломжгүй юм. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа парк одоогоор байхгүй байгаа гол шалтгаан нь дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах төсөв, санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгаатай холбоотой юм. Иймд хэрэгжилт хангалтгүй учир хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай” гэж дүгнэжээ.

Дээрх шаардлагуудын үүднээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ.

Хуулийн төслөөр үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг байгуулах, паркийн зорилго болон төрлийг тогтоох, паркийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, түүнд төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналтын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хуулийн төсөл 6 бүлэг, 20 зүйлтэй байна.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл батлагдсанаар паркийн үйл ажиллагааг удирдан зохицуулах асуудал нэгдсэн бодлого төлөвлөлттэй болж, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг тодорхой байршилд төвлөрүүлэн, дэд бүтцийн төвлөрсөн хангамж бий болж, паркийн үйл ажиллагаанд төрөөс бодлогын болон бусад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэх юм. Түүнчлэн, хөрөнгө оруулалт татах эрх зүйн таатай орчин бий болж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх, сургалт, судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж нутагшуулах, технологийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны талаарх зохицуулалтууд бий болж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд техник технологийн дэвшлийг ашиглах нөхцөл бүрдэх, үйлдвэрлэлийг цогцолбороор нь хөгжүүлснээр бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэх, дагалдах жижиг, дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих ач холбогдолтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Exit mobile version