Дэлхий

Гэрээний эх бэлэн болсон тохиолдолд Путин, Зеленский нар уулзах боломжтойг Кремль мэдэгдэв

Нийтэлсэн

Орос, Украины хооронд байгуулах энхийн гэрээний эх бичгээр бэлэн болсон тохиолдолд хоёр улсын ерөнхийлөгч нарын уулзалтыг зохион байгуулах боломжтойг Ням гарагт Кремлийн ордноос мэдэгджээ.

“Ерөнхийлөгч Путин хэзээ ч Зеленскийтэй уулзахаас татгалзаж байгаагүй. Онолын хувьд энэ нь боломжтой. Гэхдээ ингэхийн тулд хоёр талын төлөөлөгчид шаардлагатай бичиг баримтыг бэлдсэн байх хэрэгтэй. Хоосон санаа биш, тодорхой бичиг баримт. Тэгвэл уулзалт товлох боломжтой” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ярьсан байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Украины тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүйг бид туршлагаасаа сайн мэднэ. Тиймээс сайтар бэлдэх шаардлагатай” гэжээ.

Турк улс Путин, Зеленский нарын уулзалтыг зохион байгуулахаар идэвхтэй ажиллаж байгаа. Баасан гарагт Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган уг уулзалтыг зохион байгуулах нь тус улсын хувьд нэн тэргүүний чухал асуудал болохыг хэлсэн юм.

 

Эх сурвалж: ТАСС

Exit mobile version