Дэлхий
Зеленский Украинд “геноцид үйлдэж байна” гэж Путинийг буруутгав
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр АНУ-ын CBS News сувагт ярилцлага өгөхдөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг “геноцид” үйлдэж буйд буруутгажээ.
“Энэ бол үнэхээр геноцид. Бүхэл бүтэн үндэстнийг устгах ажиллагаа. Бид бол Украин улсын иргэд, бид 100 гаруй үндэстэн, угсаатантай. Эдгээр үндэстнүүдийг бүхэлд нь устгахыг тэд зорьж байна” гэж Зеленский ярьсан байна.
Тэрбээр цааш нь ярихдаа “Украины иргэд ОХУ-ын бодлогод захирагдахыг хүсээгүй нь устгал явуулах гол шалтгаан юм. Энэ бол 21 дүгээр зууны Европ тивд явагдаж байгаа нэг үндэстнийг бүхлээр нь эрүүдэн шүүх ажиллагаа” гэжээ.
Саяхан Киевийн ойролцоох Буча хотоос Оросын цэрэг ухарсны дараа 300 орчим хүнийг бөөнөөр нь оршуулсан булш олдсон юм.
Тус хотын гудамж, талбайнууд энгийн иргэдийн хүүрээр дүүрсэн байсныг эх сурвалжууд мэдээлж байна.
Ням гарагийн өглөө Зеленский Буча хотод авсан гэрэл зургуудыг өөрийн сошиал хуудсанд нийтэлсэн юм.
“Орос цэргүүдийн ээж нар үүнийг үзэх хэрэгтэй. Ямар новшнуудыг өсгөснөө харцгаа. Алуурчид, дээрэмчид, яргачид” гэж тэр бичжээ.
Хэдэн зуун мянга, хэдэн сая хүнийг үхүүлэхийг хүсээгүй л юм бол дайныг зогсоох ёстой гэж Зеленский бичсэн байна.
Эх сурвалж: Business Insider