Дэлхий

Ким Жон Уны дүү Өмнөд Солонгосын сайдыг “маньяк” гэж хочлов

Нийтэлсэн

Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд өөрийн зэвсэгт хүчний чадавхын талаар ярьсныг Ёнхап агентлаг Баасан гарагт мэдээлсэн юм.

Хэрвээ Умард Солонгосын талаас зэвсэгт халдлага үйлдвэл Өмнөд Солонгосын арми “оновчтой, түргэн” хариу цохилт өгөх чадвартайг батлан хамгаалахын сайд Су Вук энэ үеэр ярьжээ. Ингэхдээ тэр “урьдчилж цохилт өгөх” тухай дурдаагүй юм.

Өмнөд Солонгосын сайдын хэлсэн үг Пёньяны эрх баригчдыг хилэгнүүлсэн байна.

Умард Солонгосын Хөдөлмөрчдийн Намын төв хорооны нарийн бичгийн дарга Пак Жон Чон тус улсын төв хэвлэлд ярихдаа “Цөмийн зэвсэгтэй улсад урьдчилж цохилт өгөх тухай ярьдаг хүн нэг бол галзуу, нэг бол тэнэг байх. Хэрвээ ийм оролдлого гарвал Сөүл дэх гол цэгүүдийг устгах, Өмнөд Солонгосын армийг устгахад манай арми бүх хүчээ хайр найргүй чиглүүлнэ” гэж мэдэгджээ.

Дараа нь Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ёо Жон хэлсэн үгэндээ өмнөд хөршийнхөө батлан хамгаалахын сайдыг “дайны хэнээтэй маньяк” гэж хочилсон байна.

Урьдчилсан цохилтын тухай яриа нь хоёр Солонгосын харилцааг муутгаж, сөргөлдөөнийг хурцатгаж, Өмнөд Солонгостой холбоотой “олон асуудлыг эргэн харахад хүргэж байгааг” тэр бас онцолжээ.

2022 он гарснаас хойш Умард Солонгосын дэглэм зэвсгийн туршилтуудаа эрчимжүүлээд байгаа. Энэ нь Өмнөд Солонгосын улс төрийн амьдралд гарсан өөрчлөлттэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

Өнгөрсөн сард болсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан Юн Сүк Ёл хоёр Солонгосын харилцаанд өмнөх ерөнхийлөгчөөс илүү хатуу чиг шугам баримтлахаа илэрхийлж байгаа. Тэрбээр тавдугаар сарын 10-нд тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох юм.

 

Эх сурвалж: Bloomberg

Exit mobile version