Улс төр
Г.Ёндон: Газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн татварын 5 хүртэлх хувьд зохицуулалт хийнэ
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа.
Тухайлбал, Засгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээ авах, цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхдээ газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын тав хүртэлх хувьд зохицуулалт хийхээр болжээ.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Шатахууны нөөц хангалттай байгаа. Тухайлбал, АИ92 шатахуун 42 хоногийн нөөцтэй байна. Шатахууны импортын татварын хувьд, АИ92, АИ80 авто бензин нь 2018 оноос онцгой албан татваргүй болсон. Гэхдээ НӨАТ болон гаалийн татвар АИ92, дизель түлшинд байдаг.
Тэгвэл УИХ-д өргөн барих хуулийн төсөлд газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын гаалийн татварт зохицуулалт хийх эрхийг Засгийн газар өөр дээрээ авсан юм.
Мөн дизель түлшний онцгой албан татварыг шаардлагатай тохиолдолд Засгийн газар зохицуулах боломжтой болж байгаа” гэв.
Үргэлжлүүлэн “2021 оны арванхоёрдугаар сарын сүүл үед шатахуун импортлогч ААН-үүдэд нийт 290 тэрбум төгрөгийн зээл олгосон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд шатахууны үнэ их хэмжээгээр нэмэгдсэн учраас нөөц бүрдүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийн дутагдал гарч ирсэн.
Энэ асуудлыг Засгийн газрын өмнөх удаагийн хуралдаанд Монголбанк танилцуулсан бөгөөд эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг нь Монголбанк шийдэхээр болсон. Үүнд 400 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа.
ААН-үүд одоо дөрөвдүгээр сарын захиалгаа хийж эхэлж буй. Хамгийн гол нь ОХУ-д шатахууны экспорт хийгдэхгүй байгаатай холбоотойгоор зарим ААН-үүдийн сав дүүрсэн асуудал байгаа учраас Засгийн газар үүнд хэлцэл хийх замаар үнийг хямдруулах бүх боломжийг эрэлхийлнэ.
Энэ чиглэлээр урьдчилгаа төлбөрт санхүүжилт зориулагдана гэсэн үг” гэв.