Энтертайнмент

Б.Ариунцэцэг: Монголд зөвхөн спорт хөөгөөд явна гэдэг боломжгүй зүйл

Нийтэлсэн

“Отгонтэнгэр” Их Сургуулийн  Шилүүснүүд багийн тоглогч, Монголын сагсанбөмбөгийн 3Х3-ын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэгтэй ярилцлаа.  Тэрбээр сүүлийн хоёр сард 17 оноо авч, 15 самбар, гурван оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бөгөөд баг нь 14-0 буюу энэ улирлыг нэг ч хожигдолгүй дуусгаад байгаа юм. Мөн тэрбээр Оюутны лигийн хоёр болон гуравдугаар  сарын шилдэг тоглогчоор шалгарчээ.


-Оюутны лигт сүүлийн хоёр сард 17 оноо 15 самбар гурван оновчтой дамжуулалт дундажлан хоёр болон гуравдугаар сарын шилдэг тоглогчоор шалгарлаа шүү дээ. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Дөрвөн жил лигт тоглоод анх удаагаа энэ шагналыг хүртэж байгаа даа сэтгэгдэл өндөр байна. Би өөрийгөө шилдэг болсон  гэж мэдээгүй байсан. Багш маань залгаад лигийн хоёр, гуравдугаар сарын шилдэг тоглогч боллоо баяр хүргэе гэхэд нь л мэдсэн. Шагналаа гардаад авчихсан хэрнээ өөртөө итгэж өгөхгүй маш их догдолж байсан. Энэ бол зөвхөн минийх бус багийн амжилт гэж бодож байна даа. Алдаа, оноо, амжилт бүгдтэй нь минь үргэлж хамт байдаг 3X3 сагсанбөмбөгийн гэр бүл, багш дасгалжуулагч арын албаныхандаа баярлалаа гэж хэлмээр байна. Түүнчлэн ивээн тэтгэгч “MSC Coca Cola”, Л. Мягмаржав захирал, Энержи Ресурс, Г.Батцэнгэл захирал, “UB Amazons” багийн эздэдээ талархаж явдаг шүү.

-Сургуулийнхаа лигт анх хэрхэн,  яаж орж байсан талаараа дурсахгүй юү?

-Намайг ЕБС төгсөх хавар ОТИС-ийн Шилүүснүүд багийн менежер Э. Хүслэнбаяр  ах маань надтай уулзаж сургуульдаа орох хүсэлт тавьсан. “Чи манай сургуульд суралцахын хажуугаар оюутны лигт ороод тоглоорой бас сургалтын төлбөрийн хувьд ч уян хатан шүү” гэсэн.  Би тухайн үедээ юу ч бодоогүй. Харин яг сургууль орох үеэр сагсанбөмбөгөө орхиод, сургуульд сурна гэхээр нэг л эвгүй санагдаад ОТИС-д ороод шигшээ багт тоглож эхэлсэн. Анх багт орох үед намайг халуун, дотноор хүлээн авсанд  нь баярлаж явдаг. Одоо төвийн тоглогчоор тоглож байна.

-Талбайд төвийн тоглогчоос өөр байрлалд тоглох бодол байдаг уу?

-Би өндөр учраас төвийн тоглогчоор тоглодог бас холбогчийн байрлалд тоглож болно. Гэхдээ нуруугаа ашиглаад тоглох юм бол төвийн тоглогчоор тоглох нь  гоё байдаг.

-Сагсанбөмбөг сонирхогчид Б.Ариунцэцэгийг 3Х3 тоглогч гэдгээр нь андахгүй. Тэгвэл 5х5 болон 3х3 тоглоход ялгаа хэр байдаг вэ. Цаашид аль төрлөөр нь өөрийгөө илүү амжилт гаргах боломжтой гэж бодож байна?

-3Х3 бол  10 минут, довтолгооны 12 секундийн турш маш их хурд, хүч шавхдаг. Бэлтгэл, хурд хүчээс гадна нэлээд тэвчээртэй хүн л 3Х3-ийг тоглоно. 5Х5 нь өөрөөсөө бусад дөрвөн хүнтэй илүү удаан тайван тоглодог. 3Х3-д тоглож байгаад 5Х5 тоглохоор өөрийгөө сайжирсан гэдгийг мэддэг. Цаашдаа 3Х3 төрлөөрөө хичээллэж илүү их амжилт гаргана гэж боддог.

-Тамирчин хүнд сэтгэлзүй их чухал. Талбайд гарсан үедээ сэтгэлзүйгээ яаж бэлтгэдэг вэ?

-Оноогоор тэргүүлж байгаад хожигдож бол үзээгүй ч  оноогоор тэнцээд бариулж үзсэн. Яг оноогоор тэнцчихсэн байж байгаад бариулах үед  уур хүрээд байдаг. Ер нь сэтгэлзүй маш чухал. Тиймээс өөрөө  өөртэйгөө ярьж, тайвширдаг.

-Бэртлийн улмаас олимпод оролцох боломжгүй болсон. Бэртэл нь бүрэн эдгэсэн үү. Ахин сэдрэх магадлалтай юу?

-Бэлтгэлийнхээ үеэр хүчтэй хөдөлж, ачаалал их авсан улмаас нуруугаа бэртээчихсэн.Тиймээс  олимпод оролцох боломжгүй болсон. Сэдрэх эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Би өөрөө хэр их дасгал хийнэ,  түүнээс л шалтгаалах байх. Одоогоор бүрэн эдгэрээгүй байгаа.

-Дараагийн олимпод орох уу. Эрхийн тэмцээнүүд нь эхэлсэн үү?

-2024 оны олимпод оролцох хүсэл бол байна. Одооноос оноогоо аль болох сайн цуглуулаад л явж байна. Одоогоор эрхийн тэмцээнүүдийн тов гараагүй байгаа ч бэлтгэл сургуулилтаа өдөр бүр хийж байгаа.

-Сагсанбөмбөгөөр хичээллэх үед шантрах тохиолдол гарч байв уу?

-Шантрах тохиолдол гарна. Гэхдээ удалгүй буцаад л зүгээр болчихно. 2020 оны олимпын бэлтгэлд Хандгайт спорт ордонд гараад маш их гүйдэг байсан. Тэр үед “Зүгээр больё. Ингэж өөрийгөө зовоож байхаар хичээл номоо хийе гэсэн бодол зөндөө төрж байсан. Тэгээд л гүйгээд дууссаныхаа дараа  шантарлаа гээд орхих бус даван туулаад амжилтад хүрэх хэрэгтэй гэж өөрөө өөртэйгөө ярьдаг байсан. Шантрах үе зөндөө л гарна түүнийгээ даван туулаад амжилтад хүрэх сайхан даа.

-Тамирчин хүнд бэлтгэл хамгийн чухал байдаг. Төгсөх ангийн оюутан хичээлийнхээ хажуугаар хэрхэн амжуулж байна?

-Хичээлийн хажуугаар бэлтгэл хийнэ гэдэг  хэцүү л дээ. Хичээлийнхээ хажуугаар бэлтгэлд ч явах ч үе байна. Зарим үед бэлтгэлийн хажуугаар хичээл хийх ч үе гардаг. Аль болох хоёуланг нь зохицуулахыг хичээдэг ч ихэнхдээ хичээлээ бус бэлтгэлээ сонгох гээд байдаг тал бий.

-Тэмцээний үеэр болсон хамгийн гоё дурсамжаасаа хуваалцаач?

-2019 оны U23 3Х3-ын Дэлхийн аварга шалгаруулах үеэр Г.Минжин эгч маань Герман улсын тамирчдын эсрэг buzzer хийж хожиж байсан. Энэ хамгийн гоё дурсамж юм даа.

-Сагсан бөмбөгийн гараагаа анх хэдэн настайдаа хаана, хэн гэдэг багшийн сургуулилт доор эхлүүлж байсан бэ?

-Анх зүгээр л ах нартайгаа гудамжинд  сагсанбөмбөг тоглодог байсан. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн М.Гансүх багш маань намайг долоодугаар ангийн сурагч байхад сургуулийн шигшээ багт оруулж байсан. Түүнээс хойш  сагсанбөмбөгт дурлаж одоо хүртэл хичээллэж байна.

-Хүүхэд насны анхны тэмцээн ямар тэмцээн байв?

– “Эрүүл монгол хүүхэд сагсан бөмбөгөөр дэлхийд” гэсэн зорилготой, мөрөөдлийн баг бүрдүүлэх ААШТ болж байсан. Тэр тэмцээнд ороод  мөнгөн медаль авч байлаа.

-Ирээдүйд зөвхөн спортоо хөөгөөд амьдрах боломжтой гэж боддог уу?

-Ажил хийгээд спортоороо хичээллээд л явна даа. Монголд зөвхөн  спортоо хөөгөөд явна гэдэг бол боломжгүй зүйл.

-Сагсанбөмбөгөөр хичээллэхээр төлөвлөж буй дүү нартаа юу гэж захимаар байна?

-Мундаг тамирчин больё гэж бодож л байгаа бол хичээнгүй байх ёстой. Өөрийнхөө хүсэж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж, багш нарынхаа хэлснийг 100 хувь гүйцэтгэлтэй хийгээд, шантрах үедээ өөрийгөө зоригжуулан түүнийгээ даван туулах хэрэгтэй. Хичээж л байгаа цагт заавал амжилтад хүрнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version