Дэлхий
Зеленский: Украин улс “том Израил” болно
Мягмар гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дайны дараах улс орныхоо ирээдүйн талаар үзэл бодлоо хуваалцжээ.
Ирэх арван жилийн хугацаанд Украины номер нэг асуудал аюулгүй байдал байх ба үүнийг бататгахын тулд Израилын жишгийг дагах тухай тэр ярьсан байна.
“Украин бидний анх хүсэж байсан шиг улс болохгүй нь тодорхой боллоо. Ингэх боломжгүй. Европын орнууд шиг үнэмлэхгүй либерал улс болж чадахгүй. Харин бид өөрийн онцлогтой “том Израил” болно. Кинотеатрт, супермаркетад зэвсэгт хүчний төлөөлөл байх, иргэд галт зэвсэгтэй байх нь жирийн үзэгдэл болно” гэж Зеленский ярьжээ.
Гэхдээ энэ нь Украины ардчилалд саад болох ёсгүйг тэр хэлсэн байна. “Авторитар дэглэмтэй бол бид Орост ялагдана. Ард түмэн юуны төлөө тэмцэж байгаагаа мэддэг” гэж Зеленский хэлжээ.
Тель-Авивт суугаа Украины элчин сайд Евген Корничук дараа нь Израилын хэвлэлд ярихдаа “Цаашдаа байдал яаж эргэхээс үл шалтгаалан Украины аюулгүй байдал Израилийнхтай ижил нөхцөлтэй болно гэж би бодож байна. Нөхцөл байдал өнөөдрийнхөөс тайван амгалан болсон ч зэвсэгтэй хүмүүс хаа сайгүй явдаг болох байх. Израилчууд түүхийнхээ турш дайснуудынхаа дунд амьдарсан. Украины хувьд ижил хувь заяа хүлээж байна” гэсэн юм.
Зеленский өнгөрсөн сард Израилын парламентад үг хэлэхдээ Тель-Авивын эрх баригчдын “бөөрөнхий” бодлогыг шүүмжилж, Украинд зэр зэвсгийн тусламж үзүүлэхийг уриалж байв.
Харин сүүлд тэр хандлагаа зөөлрүүлж, Орос-Украины хооронд зуучлахад хичээл зүтгэл гаргаж буй Израилын ерөнхий сайд Нафтали Беннетэд талархал илэрхийлж байжээ.
Эх сурвалж: Associated Press