Дэлхий
Оросын алдартай улс төрч Владимир Жириновский таалал төгсжээ
Оросын Либерал Ардчилсан Намын дарга, үндсэрхэг үзэл, хурц ширүүн хэл яриагаараа алдартай улс төрч Владимир Жириновский өчигдөр 75 насандаа таалал төгсжээ.
Тэрбээр коронавирусийн халдвар авсныхаа дараа энэ оны хоёрдугаар сарын эхээр Москва хотын төв эмнэлэгт хэвтэж байсан юм.
Жириновский 1990-ээд оны эхээр Оросын улс төрд байр сууриа эзэлж, Ельцин, Путиний засаглалын 30-аад жилийн турш Төрийн Думын гишүүнээр ажиллажээ.
Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд таван удаа нэрээ дэвшүүлж байсан ч 10-аас дээш хувийн санал авч байгаагүй юм.
Эхэн үедээ Жириновскийг оросууд Ельциний хүчтэй өрсөлдөгч гэж хардаг байсан гэдэг. Гэвч сүүлдээ тэр этгээд зан ааш, үг хэллэгийнхээ улмаас нэр хүндээ алдаж, Оросын улс төр дэх “олныг хөгжөөгч” болж хувирсан юм.
Түүний нам нэрэндээ тохироогүй бодлого, үйл ажиллагаа явуулж, Путиний “Нэгдсэн Орос” намыг ихэнхдээ дэмждэг байлаа.
Ингээд түүний хэлсэн зарим дуулиантай мэдэгдлүүдээс түүвэрлэн хүргэж байна.
- Ерөнхийлөгчийн амбицынхаа талаар “Миний гар цэвэр. Гэхдээ би ерөнхийлөгч болбол энэ гар цусаар будагдах болно”
- Орос хэлний талаар “Хүүхдүүдэд англи хэл заах хэрэггүй. Оронд нь Калашников бууг яаж эзэмшихийг заа. Тэгвэл удахгүй дэлхий даяараа орос хэлээр ярьдаг болно”
- Оросын ардчиллын талаар “Үхрийн галзуу өвчин хаанаас гарсан гэж бодож байна? Британийн ардчиллаас. Оросын газар нутгийн 65 хувь мөнх цэвдэгтэй байхад ямар ардчилал яриад байгаа юм бэ?”
- Жүүд гарлынхаа талаар “Аав ээжийн маань биед дусал жүүд цус нэмсний төлөө би Орос цус, Орос соёл, Оросын газар нутгийг үгүйсгэж, нийт Жүүд хүмүүст хайр зарлаад яах юм бэ”
- Тамхины талаар “Ард түмэн тамхи татаж л байг. Архи, тамхи өдөр бүр хэрэглэснээр амиа хорлох бодлоос чөлөөлөгддөг. Хэрвээ тамхийг хорьчихвол тэд шууд өөрийгөө дүүжилнэ”
- Сексийн талаар “Бид гурван сар тутамд нэг удаа гэсэн сексийн шинэ стандартыг тогтооно. Залуу үе порно, садар самуун киноны ачаар илүү олон хийдэг шинэ стандарттай болсон байна. Цөөн нь дээр!”
- Сексийн талаар дахиад “Харамсалтай нь секс миний амьдралын томоохон хэсэг байлаа”
- Стрессийн талаар “Би стрессээ хэрхэн хянадаг вэ? Ажил дээрээ хямд үнэтэй тавагнууд захиалсан. Хагалахад харамсахааргүй”
- Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар “Улс төр бол ухаалаг тооцоолол байх ёстой. Энд шүлэг, найраг хэрэггүй. Тимошенко (Украины ерөнхий сайд асан) бол эмэгтэй хүн. Ингэж хэлж байгаад уучлаарай. Эмэгтэй хүний бодлыг өөрчлөхөд амархан байдаг тул би тэдэнд дургүй”
- Британийн засгийн газрын талаар “Москва дахь аль ч улсын элчин сайдын яамны ажилтан Британийнх шиг бардам байдаггүй. Дэлхийн хамгийн жигшүүртэй тагнуулчид бол Британийн МИ-6. Бас Британийн сэтгүүлчид бол хамгийн том тагнуулын бүлэглэл. Тэд хоёр газраас зэрэг цалинждаг”
Эх сурвалж: Radio Free Europe, Russia Today