Нийгэм

Шивээхүрэнгийн боомтыг ирэх долоо хоногт нээхээр ажиллаж байна

Нийтэлсэн

Ерөнхий сайд захирамж гаргаж Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Тус ажлыг хэсэг өчигдөр /2022.04.06/ БНХАУ-ын нүүрс экспортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй цахим хурал хийжээ.

Хуралдаанаар Өмнөговь аймгийн Цогтцэций сум, “Цагаан хад”-ны гаалийн талбайд байгаа 4.8 сая тонн зарагдсан нүүрсийг яаралтай хил гаргах, дараагийн борлуулалтаа эрчимжүүлэх талаар санал солилцов.

Цахим хурлын үеэр экспортлогч аж ахуйн нэгжүүд тээвэрлэлт хийх шинэ гарцтай болох хүсэлт тавьсан бөгөөд монголын талаас уг саналыг бүх талаар дэмжинэ гэдгийг ажлын хэсгийн дарга, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцолжээ.

Мөн жолооч нарын PCR шинжилгээний хариу монголын талд сөрөг гарсан ч БНХАУ-ын лабораторийн шинжилгээгээр эерэг гарч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс БНХАУ-ын хэрэглэж байгаатай адил хоёр лабораторийг ирэх долоо хоногт ашиглалтад оруулж, шинжилгээний хариутай холбоотой тээвэрлэлтийн гацааг арилгана гэдгийг мэдэгдэв.

Мөн тус ажлын хэсэг ирэх долоо хоногт Шивээхүрэнгийн боомтыг нээх талаар ӨМӨЗО-ны боомтын захиргаатай холбогдон ажиллаж байна. Дээрх арга хэмжээний хүрээнд ажлын хэсгийн гишүүд Цагаан хад боомтод очиж ажиллах бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах тал дээр хүн хүч нэмэгдүүлэх аж.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

Exit mobile version