Энтертайнмент
Астероид дэлхий дээр унах үед үхсэн үлэг гүрвэлийн олдворыг эрдэмтэд анх удаа илрүүлжээ
Манай дэлхий дээр сансраас асар том астероид унасны улмаас үлэг гүрвэлүүдийн ноёрхож байсан ертөнц төгсгөл болсон гэж эрдэмтэд үздэг.
Тэгвэл яг энэ сүйрэл тохиосон өдөр үхсэн үлэг гүрвэлийн үлдэгдлийг илрүүлснээ хэсэг палеонтологичид мэдээлжээ.
Энэ нь 66 сая жилийн өмнө өнөөгийн Мексикийн Юкатаны хойгт астероид унах үед үхсэн үлэг гүрвэлийн хөлийн чулуужсан үлдэгдэл юм. Уг олдвор маш сайн хадгалагдсан бөгөөд тухайн үлэг гүрвэлийн арьсны хэсэг хүртэл хэвээрээ байжээ.
Олдворыг астероид унасан цэгээс хойд зүгт 3,000 км зайтай Умард Дакотагийн Танис нэртэй малтлагын талбайгаас илрүүлсэн байна.
Уг талбайгаас астероидын сүйрлийг харуулсан өөр олон олдвор илэрчээ. Тухайлбал Танист хуурай газрын болон усны амьтад хамтдаа оршуулагдсан байсан нь сүйрлийн үеэр ямар үзэгдэл болсныг харуулж байгаа гэнэ.
Тухайлбал модонд шорлогдсон яст мэлхий, жижиг хөхтөн амьтад, трисерапторын арьс, птерозаврын өндөг, мөн дэлхийд унасан астероидоос гаралтай байж болзошгүй чулуулгийн хэлтэрхийнүүд олджээ.
Шинэ олдворын талаар BBC суваг баримтат кино бүтээж, удахгүй нийтэд үзүүлэхээр болсон байна.
“Энэ газраас олдсон зүйлсийн цаг хугацааны нарийвчлал бидний мөрөөдлөөс давлаа. Энэ бол төсөөлөхөд бэрх, үнэхээр гайхамшигтай олдворууд. Би амьдралдаа ийм зүйл харна гэж бодож ч байсангүй” гэж Манчестерын Их Сургуулийн байгалийн түүхийн профессор Филип Маннинг ярьжээ.
BBC-ийн “Dinosaurs: The Final Day with Sir David Attenborough” баримтат киног Британийн нэрт судлаач, зохиолч Сэр Дэвид Эттенбороу хөтлөх юм. “Сэр Дэвид үлэг гүрвэлийн хөлийг хараад инээмсэглэж, “байж боломгүй олдвор” гэж хэлсэн. Би түүнтэй санал нэг байна” гэж Маннинг ярьсан байна.
Эх сурвалж: The Guardian