Улс төр
Э.Бат-Үүл: Монгол залуус минь ЗОРИГТОЙ байгаарай
Монгол Улсын баатар, нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сайн байна уу. Та цагдан хорихоос суллагдаад гуравхан хонож байна. Бие тань сайн уу?
-Сайн. Ярилцлагаа эхлэхээс өмнө нэг зүйл дээр тохиръё. Шүүхээс надад холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Өөрөөр хэлбэл, хэрэг шалгагдаж байгаа болохоор энэ талаар янз бүрийн зүйл ярьж болохгүй гэдгийг анхааруулсан. Харин бусад асуудлаар нээлттэй ярилцаж болно.
-Өнөөдөр /өчигдөр/ танай намын түүхэн өдөр. 1990 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр АН анхдугаар хурлаа хийж, анхны даргаар нь та сонгогдож байжээ. Танд түүхэн энэ өдрийн мэндийг хүргэе?
-Баярлалаа. Юуны өмнө АН-ын анхдугаар их хурлын төлөөлөгч нартаа болон намын нийт дэмжигч, гишүүддээ энэхүү түүхэн өдрийн баярын мэндийг дэвшүүлье. Би өнөөдөр өглөө Твиттерээрээ жиргэсэн л дээ. “АН-ын баатрууддаа баярын мэнд хүргэе” гэж. 1990 онд Монголын хоёр дахь нам болон анх удаа бүртгэгдсэн АН бол манай улсын түүхэнд онцгой үйл явдал болсон. Зөвлөлтийн колончлолоос Монголыг чөлөөлөх энэ гайхамшигтай үйл явдлыг АН-ын манлайлал бий болгосон юм. Өдгөө 32 жилтэйгээ золгож байна. Харин өнөөдөр бидэнд дахин том сорилт тулгараад байна. Та бүхэн мэдэж байгаа байх. В.Путиний Украин руу дайрсан түрэмгийллийг ардчилалд заналхийлсэн дайн гэж үзэхээс өөр аргагүй. Өрнөж буй үйл явдлаар ч нотлогдож байна. Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын зүгээс гаргасан мэдэгдэл ч үүнийг батална. АН-ыг бараг л хоёр дахь Украин шиг үзэж, ийм бүдүүлэг явдал гарсан.
Манайд Зөвлөлтийн колончлолын сэтгэлгээнээсээ салаагүй хүмүүс цөөнгүй байна. Энэ нь В.Путиний түрэмгийллийн үед тод илэрч харагдах боллоо. Тийм учраас АН-ын баатрууд минь хийх ажил их байна. Бидэнд монголчуудын заримд нь буй колончлолын сэтгэхүйг арилгах асар их ажил байна.
Бид ардчиллынхаа төлөө гудамжнаас ч, төрийн өндөрлөгөөс ч, шоронгоос ч тууштай тэмцэж ирсэн. Залуустаа хандаж хэлэхэд, үйл хэргийнхээ төлөө газрын дороос ч тэмцэж босдог нам АН шүү гэдгийг хэлье.
ЯРИЛЦЛАГЫН ВИДЕОГООР ҮЗЭХ
-Цагдан хориход байхдаа ч та өөрийнхөө үзэл бодол, хэвлэн нийтлэх эрх чөлөө, ардчилсан нийгмийн үнэт чанарыг дээдлэхэд чиглэсэн тэмцлийг өрнүүлээд амжсан…
-Би 1990 оноос хойш ардчиллынхаа төлөө хаана ч байсан тэмцэж ирсэн. Учир нь, ардчилал миний үйл хэрэг учраас үүнийхээ төлөө тууштай явсан. УИХ-ын гишүүн болон Хотын дарга байхдаа ч тэмцэж ирсэн. Хүмүүс санаж байгаа бол намайг Хотын дарга байхад хамгийн жагсаал, цуглаан чөлөөтэй болдог байсан. Хамгийн нээлттэй ардчилсан хот байлаа. Шоронд байхдаа ч би ардчиллынхаа төлөө тэмцэж ирсэн. Ганц худгийн шоронд 2000 онд намайг гүтгээд аваачиж хийхэд би тэмцэж л байсан. Хаана ч байсан үйл хэргийнхээ төлөө тэмцэх нь миний амьдралын зарчим. Улс төр гэдэг зүгээр нэг карьер биш. Улс төр бол үйл хэрэг юм. Улс төр гэдэг бол үнэт зүйлийнхээ төлөө амиа тавихаас буцахгүй байх ёстой зүйл. Түүнээс бус дарга болохоороо ихэрхээд, шоронд орохоороо айж гүйгээд байдаг бол улс төрөөс холд. Хэрэггүй. Тийм байж өөрсдийгөө ямар нэгэн үйл хэргийн төлөө тэмцэж байна гэж бодох ёсгүй. Тиймээс ч би намынхаа залуучуудад “Ядахдаа надаас үлгэр жишээ ав” гэдэг. Хүн үйл хэргийнхээ төлөө хаана ч байсан тэмцэх ёстойг хатуу ойлго. Чи сэтгүүлч бол хаана ч явсан сэтгүүлчийнхээ ажлыг хийгээд л явж байх ёстой. Тийм биз дээ. Дарга болохоороо сэтгүүлч байхаа болино гэсэн үг биш. Энэ чинь хүний үйл хэрэг.
-Монголчуудыг та ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Би монголчуудыгаа зоригтой байгаасай л гэж их боддог. Бид гуравхан сая. Цөөхүүлээ, дээрээс нь аймхай байх юм бол биднийг хэн ч тоохгүй. Бид нэр төргүй ард түмэн болно. Ийм нэр төргүй ард түмэн байж болохгүй. Тэгэж ярих юм бол хэчнээн цөөхүүлээ байна. төдий чинээ зоригтой байх ёстой. Зоригтой байж оршин тогтноно.
Жишээ нь, Чингисийн үеийн монголчууд цөөхүүлээ л байсан. Гэхдээ эзэнт гүрэн байгуулсан. Энэ бүхний хүч нь эр зориг юм. Энүүхэндээ хэлэхэд, одооны зарим хүнийг зохисгүй, ёс зүйгүй үйлдэл хийхийг нь харахаар “Энэ Чингисийн үеийн Монголын үр удам мөн байгаа” гэж эргэлзэхэд хүрдэг. Аймхай зан гэдэг бол монголчуудад зохихгүй. Би нэг зүйлийг залуучууддаа хандаж зөвлөмөөр байна. “Зоригтой байгаарай” гэж. Саяхан биологийн болон сэтгэлзүйн шинжлэх ухаан нэгэн том нээлт хийсэн байна. Тэр нь “Хүн зоригтой байх юм бол биеийнх нь эрүүл мэнд сайжирдаг” гэдгийг тогтоосон. Яагаад гэвэл, зоригтой байх нь хүний сайн даавруудыг биед ихээр ялгаруулж өгдөг гэнэ. Ингээд бодохоор айсан хүн маш хурдан үрчийдэг, харладаг. Нүднээс гарчихдаг нь анзаарагддаг. Өөрөөр хэлбэл, сайн дааврууд нь уначихдаг гэсэн үг. Энэ утгаар нь аваад үзсэн ч залуучууд минь эрүүл мэндээ бодоод зориг зүрхтэй байгаарай гэж хэлмээр байна.
-Таныг хоригдож байх хугацаанд АН-д даргын сунгаа гэгч зүйл болсон. Өрнөж буй үйл явдлын талаар та байр сууриа илэрхийлээч?
-Х.Баттулгын талаар би цагдан хоригдож байхдаа ч байр сууриа илэрхийлж байсан. Үүнийг ярихын тулд ОХУ, Украины асуудлыг бодох ёстой. В.Путиний Украин руу хийсэн түрэмгийлэл нь монголчуудын хувьд хэд, хэдэн агуулга дээр санаа зовох ёстой асуудал. Нэгдүгээрт, их гүрэн жижиг улс руу дураараа дайраад байдаг болбол яах вэ. Бид чинь жижиг улс шүү дээ. Дараа нь бидэн рүү үүн шиг халдаад байвал хэцүү биз дээ. НҮБ-д Монгол Улс нэг зүйл дээр нэр хүндтэй байдаг байсан. Тэр нь “Жижиг орнууд хамтаръя. Их гүрнүүдийн дайралт довтолгоон, имперлист бодлогын эсрэг санаа бодлоо нэгтгэе” гэсэн санаачлагатай ажилладаг байдлаараа бид НҮБ-д үнэлэгддэг байсан. Гэтэл сая яав. Том гүрэн жижиг улс руу дайраад байхад Монгол Улс хачин загначихлаа шүү дээ. НҮБ-д суугаа манай улсын байнгын төлөөлөгч ёстой “Шар аа болсон” гэж би бодож байгаа.
Магадгүй дараа нь бидэн рүү их гүрэн дайрахад бусад маань “Та нар ийм тохиолдолд дуугардаггүй юм байх чинь билээ” гэнэ биз дээ. Нэг үгээр бид чинь НҮБ дахь дэмжлэгээ алдчихаад байгаа юм. Уг нь манай тусгаар тогтнолын нэг баталгаа чинь НҮБ юм шүү дээ. Гэтэл бид нэр хүндээ алдаад байна. Ийм үед Х.Баттулга маань В.Путиний түрэмгийллийг дэмжээд явж байна шүү дээ. Энэ бол манай АН-д маш хортой зүйл. Яагаад гэвэл, Украин руу түрэмгийлсэн түрэмгийлэл чинь агуулгаараа ардчилалд зарласан дайн байхгүй юү. Ямар сайндаа Монголд суугаа ОХУ-ын Элчин сайд хүртэл АН руу дайрах вий дээ. Өөрөөр хэлбэл, АН-ыг Украин шиг үзэж байна. Тийм байхад Х.Баттулга ямар ичдэггүй юм бэ. Уг нь 1990 онд бид хамтдаа эх орноо зөвлөлтийн колончлолоос чөлөөлж явсан. Гэтэл өнөөдөр Х.Баттулга В.Путинээс юунаас нь айгаад байгаа юм. Яагаад В.Путиний фэн, гар хөл нь болоод гүйгээд байдаг юм бэ.
-Та Х.Баттулгыг ямар үйлдлээс нь ингэж дүгнээд байгаа хэрэг вэ?
-Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Оросоос айдаг колончлолын сэтгэлгээг Монголд сэргээчихсэн. Үнэндээ Х.Баттулгаас өмнөх дөрвөн Ерөнхийлөгч дөрвүүлээ Монголын төрт ёсны төлөө тэмцсэн. Өөрийн тусгаар тогтнолтой, өөрийн зориг зүрхтэй, өөрийн бүрэн эрхтэй, их гүрнээс айдаггүй “Би” гэсэн амбийцтай Монголын төлөө тэмцэж ирсэн. Гэтэл энэ бүхнийг Х.Баттулга нураачихсан. Олон улсын ямар арга хэмжээн дээр В.Путин явж байна, тэнд нь Х.Баттулга явдаг болчихсон байсан.
-Өнөөдөр Х.Баттулга өөрийгөө АН-ын даргаар сонгогдсон гээд их хурлаа хийж байна. Ийм зүйл байж болох уу?
-Гол нь ийм зүйл байж болохгүй. Ер нь саяны болж өнгөрсөн үйл явдлыг харахад Х.Баттулга нэг айхтар зүйл төлөвлөж байна гэж бодож байна. Тэр сая АН-ын масс руу очиж, улс төрийн тоглолт хийлээ. Олон түмний массыг өөрийн талд татах гэж явахдаа В.Путиний түрэмгийллийг дэмжиж байгаагаа хэллээ. Өөрөөр хэлбэл, Украины эсрэг байгаагаа илэрхийлсэн гэсэн үг. Эндээс дүгнэвэл, энэ хүн гаднын бодлогыг Монголд оруулж ирэх гэж байна. Үүндээ АН-ыг ашиглах гэж байна. Улайм цаймдаа ч гарлаа. Хууль дүрэм энэ тэр ч хамаагүй болсон. Яг л цаанаасаа захиалгатай хүн орж ирээд морин дээр мордож байгаа юм шиг л авирлаж байна. Түүний энэ үйлдлийг АН-ын олон гишүүн ойлголгүй дагалдаж байгааг хараад харамсаж сууна. В.Путиний түрэмгийллийг дэмжиж Х.Баттулгыг дагаж байгаа тэр хүнийг би лав манай АН-ын гишүүн гэж хэлэхэд хэцүү.
-АН-ын дотоод хагарал туйлдаа хүрлээ. Та өнгөрөгч арванхоёрдугаар сард шүүхийн танхимаас цагдан хорих руу ачигдах гэж байхдаа “Намаа нэгтгээрэй” гэж захиж байсан. Гэтэл өнөөдөр байдал дээрдсэнгүй?
-Яг үнэндээ бол Монгол Улсын тусгаар тогнолын баталгаа, ардчиллын баталгаа болсон АН хагарна гэдэг Монголд эрсдэлтэй байдал буй болж буй хэрэг юм. Гэхдээ Х.Баттулгын одоогийн үйлдлээс харахад “Энэ намыг зориуд гаднаас хагалсан байна. Цаанаасаа зохион байгуулалттай хийгдсэн ажил” гэж дүгнэж болохоор байгаа юм. Энэ их хагарал дээр Х.Баттулга өөрийгөө АН-ын лидер мэт харуулж байгаа бүх үйл явц уялдаатай зохион байгулалттай ажиллагаа. Х.Баттулга цаашаа их юм төлөвлөж байгаа гэж би бодож байна. Ер нь гаднын хатгаасаар Монголд үймээн самуун турхирах, Монгол Улсын Үндсэн хуулийг нураах вий гэж их хардаж байна.
-Ерөнхийлөгч байсан хүн нэн тэргүүнд эв нэгдлийг эрхэмлэх ёстой биз дээ?
-Тийм л дээ. Би Х.Баттулгыгаа Ерөнхийлөгч болоход дэмжиж ирсэн. Гэтэл тэр хүн Ерөнхийлөгч болоод л “АН-ын зам мухардсан. Геополитикоор хөгжинө” гэж хэлсэн. Жижиг орон геополитик ярина гэдэг чинь их гүрний гар хөл болно гэсэн үг. Тэр цагаас л энэ хүн буруу замаар явж ирлээ гэж үзээд түүнийг шүүмжилсэн. Сүүлдээ ч Х.Баттулгаас бүгд айгаад дуугарах ч хүнгүй болсон. Х.Баттулга шүүхийг гартаа авчихлаа. Эрх баригчид чинь бүгдээрээ өмдөндөө чацга алдаад алга болоод өгсөн. Эцэст нь Баабар бид цөөхүүлхнээ үлдлээ. Би “анд”-тайгаа хоёулаа дэвжээн дээр “үздэг” болсон. Хүмүүс айлаа гээд би ямар дагаад айлтай биш. Үйл хэргээ орхилтой нь биш.
-Тагнуулын ерөнхий газраас ойрын үед хоёр ч удаа мэдээлэл хийлээ. Та энэ мэдээллүүдийг анзаарч, ажигласан уу?
-Монголчууд дотроо нэг, нэгнийгээ хэзээ ч дайраад довтолчихъё гэдэггүй юм шүү. Монголчуудыг бие, биетэй нь дайсагнуулсан өөрийг нь өөрсдөөр нь егүүтгэсэн үйл ажиллагаа дандаа гаднаас байдаг. Тэртээ 1930-аад оны хэлмэгдлийг харвал, коминтерн орж ирээд Сталины удирдлага дор Монголд үхлийн тоглоом зохион байгуулсан. Монголчуудыг хагалж байгаад “Хэн хамгийн их монгол хүн алах вэ” гээд лидерүүд дунд нь зарлаж байсан.
Түүнээс бус монгол хүний санаанд бие, биенийгээ хөнөөчихье гэсэн зүйл хэзээ ч байгаагүй. Санаанд нь ч багтахгүй. Орчин цагийн Монголд ийм зүйл болоогүй. Тэгэхээр тэр зэвсгүүд, тэсэрч дэлбэрэх бодис энэ тэр бол гаднаас зохион байгуулж байгаа үйл явдал. Тиймээс бид гаднын өдөөн хатгалганд л автаж болохгүй шүү. Тэд юу ч хийж мэднэ. Түүнд нь автаад хоорондоо бие, биенийхээ эсрэг хүчирхийлэл хийх юм бол сүйрнэ. Үүнийг л гаднынхан хүсэж байгаа. Өнгөрсөн 32 жилд монголчуудыг дөрвөн удаа хагарахад хүрэхэд түүнийг зогсоож байсан хүний хувьд үүнийг би сайн мэдэж байна. Тийм учраас ямар ч хүнд үед монголчууд эв нэгдэлтэй байх ёстой. Гаднын хатгаасанд битгий автаарай.
-Та үзэл бодлоо ийм зоригтойгоор, нээлттэй илэрхийлээд явахаар танд аюултай биш үү?
-Надад 1990 оноос хойш л аюул учирч байсан. Намайг 1988 онд анх ухуулга хуудас наагаад очиход “Цаазаар авах гэмт хэрэг үйлдсэн. Одоо Ганц худаг руу аваач” гэх зэргээр заналхийлж л байсан. Дараа нь 1998 оны хавар “Бошгитын хөдөлгөөн” гэж гарч ирээд Ц.Элбэгдорж, С.Зориг, Э.Бат-Үүл нарын амь насыг хорооно гэж төлөвлөөд бэлдэж байгаа тухай мэдээлэл гарч байсан. Тэгээд аравдугаар сард нь С.Зориг маань амь насаа алдсан. Тэгэхээр бидэнд ийм аюул дандаа учирч байсан. Цаашдаа ч учрах болно. Яагаад гэвэл, биднийг жигшин зэвүүцдэг их гүрний хажууд байна шүү дээ. Өөрийнхөө иргэдийг хорлуулдаг их гүрний хажууд байна. Тиймээс ч биднийг зүгээр орхиогүй. Миний хувьд монголчууддаа хандаж дараах зүйлийг захиж хэлье.
Бид цөөхүүлээ. Цөөхүүлээ гэдэг нь тэнэг гэсэн үг биш. Бид аймхай нэгэн биш. Бид зоригтой байх ёстой. Тэр цагт бид хүн төрөлхтөний хүндэтгэлийг хүлээнэ. Нүүдэлчин иргэншилтэй ард түмний нэг амин сүнс нь эрх чөлөө. Яагаад гэвэл, нүүдэлчин хүн хаашаа ч явсан эрх чөлөөтэй байх ёстой. Тэр эрх чөлөөгөө гээх юм бол бид энэ ертөнцийн хамгийн шившгийн ард түмэн болно. Ийм хөгийн амьдралаар бид амьдармаагүй байна. XX зууны түүх бидэнд “Айх юм бол бүгдийг чинь хэлмэгдүүлнэ” гэдгийг харуулсан. Бид үр хүүхдээ, ирээдүй хойчоо бодож амьдармаар байна.
Ярилцсан Т.Давааням, С.Өлзийбаяр
Зураглаач М.Чинзориг
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН