Дэлхий

Оросын дунд сургуулийн сурагчид “Украин бол тусгаар улс” гэж хэлсэн багшаа хөөлгөжээ

Нийтэлсэн

Украины дайны талаар сөрөг мэдээллийг хянах, хаах, хориглох бодлого ОХУ-д хүчтэй хэрэгжиж байгаа.

Саяхан тус улсын Алс Дорнодын бүс нутгийн Сахалины арлын дунд сургуулийн англи хэлний багш эмэгтэй Украиныг “тусгаар улс” гэж хэлээд ажлаасаа халагджээ.

Багш Марина Дуброва өөрийн хичээл заадаг наймдугаар ангийн сурагчдад дайны эсрэг утгатай зүйл ярихдаа “Украин бол тусгаар улс” гэж хэлжээ.

Гэтэл ангийнх нь хүүхдүүд багшийнхаа ярьсныг гар утсан дээр бичиж аваад цагдаад гомдол гаргасан байна.

Хэд хоногийн дараа цагдаа нар сургууль дээр нь ирж, багшийг саатуулжээ. Дуброва олон нийтийн дунд Оросын зэвсэгт хүчний нэр хүндийг унагасан хэрэгт буруутгагдан $400-тай тэнцэх мөнгөн торгуулиар шийтгүүлж, сургуулиасаа хөөгдсөн байна.

“Бид бүгдээрээ ямар солиоролд автсаныг энэ явдал харуулж байна” гэж Дуброва “New York Times” сонины сэтгүүлчтэй ярихдаа хэлжээ.

Өнгөрсөн сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нийгмээ Өрнөдийнхний гар хөл болсон этгээдүүдээс цэвэрлэх тухай ярьж байв.

“Өрнөдийн орнууд Оросын ард түмнийг төрийнх нь эсрэг босгохын тулд манай цэргийн хохирол, эдийн засгийн хоригийн нөлөө зэргийн талаар худал мэдээлэл тарааж байна. Гэхдээ Оросын ард түмэн жинхэнэ эх орончдыг урвагчдаас ялгаж, амандаа орсон ялаа шиг нулимж хаях чадвартай юм. Нийгмээ цэвэрлэснээр улс орон улам хүчирхэгжин эв нэгдэлтэй болж, ямар ч сорилт бэрхшээлийг давах бэлтгэлтэй болно гэдэгт би итгэлтэй байна” гэж Путин тухайн үед хэлж байжээ.

Эх сурвалж: New York Times

Exit mobile version