Нийгэм

НҮБ-ын Хүүхдийн сан, ОУ-ын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийтэлсэн

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia) талууд хүүхдийн сайн сайхан байдлыг бэхжүүлэхийн төлөө хамтарсан санаачилга өрнүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд”, “Хүүхдэд ээлтэй гэр бүлийн бодлого”-ыг бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа бататган үргэлжлүүлэхээр санамж бичигт өнөөдөр (2022.04.11)гарын үсэг зурлаа.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлан хэлэхдээ “НҮБ-ын Хүүхдийн Сан дэлхийн улс орон бүрд Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмуудыг бизнесийн холбоодоор дамжуулан түгээн сурталчилдаг билээ. IWFCI Монгол байгууллага нь үүний адилаар 2019 оноос хойш бидний үйл ажиллагааг дэмжин өөрийн гишүүн компаниуддаа хүүхдийн эрхийг таниулан сурталчилж ирсэн билээ. Тиймээс өнөөдрийн энэхүү үзэглэж буй санамж бичиг нь бидний хамтын ажиллагааг улам бататгаж, цаашдын хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны эхлэл болж байгаа билээ” гэв.

IWFCI Mongolia байгууллага 2017 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд байгаль орчин, нийгэм, эдийн засагт ээлтэй хувийн хэвшлийн засаглалыг бэхжүүлэх, тэгш хүртээмжтэй нийгмийг бий болгоход хувийн хэвшлийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. 2019 оноос эхлэн НҮБ-ын Хүүхдийн Сангийн техник туслалцаатайгаар гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагаанд “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд”-ыг нэвтрүүлэх, таниулан сурталчлах ажлыг шат дараатайгаар эхлүүлээд байна.

IWFCI Mongolia байгууллагын ТУЗ-ын дарга О.Байгаль онцлохдоо Бид “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд”-ыг өөрийн гишүүн 22 байгууллагын үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлж, цар тахлын нөхцөл байдлын үед бизнесийн байгууллагуудыг “Гэр бүлд ээлтэй бодлого”-ыг хэрэгжүүлэх ажиллахыг уриалж, сурталчлан таниулах чиглэлээр болон бусад ажлуудад идэвх санаачилгатай оролцон хүчин чармайлтаа ахиулж ирлээ.  Өнөөдрийн энэхүү үйл явдал бол манай хоёр байгууллагын хувьд шинэ түншлэл, шинэ түүхийг бүтээх амжилтын эхлэл болоод бидний хувьд өндөр нэр хүндтэй бөгөөд байгууллагын 5 жилийн хүрээнд хийгдэж буй томоохон алхам, боломж юм” гэв.

Хамтарсан санамж бичиг нь Монгол Улсад хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад хувийн хэвшлийн манлайлал,  хөрөнгө оруулалт, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, улмаар бодлого, эрх зүйн орчныг таатай болгоход хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлнэ.

Санамж бичгийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан болон IWFCI Mongolia байгууллага бизнесийн үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалах, хүндэтгэх, болон гэр бүлд ээлтэй ажлын байрыг сурталчлах зэрэг олон талт ажлууд дээр төвлөрч ажиллана.

Exit mobile version