Эрүүл мэнд

Я.Буянжаргал: Баян-Өлгийд тусгаарлагдсан хүн өвчний сэжиг илрээд байхад маш олон газраар явж, хүндрэл учруулсан

Нийтэлсэн

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Коронавирусын тархалт дэлхий нийтэд өндөр хэвээр байна. БНХАУ-д бүх 33 мужид нь өвчлөл тархсан. Сүүлийн 24 цагийн дотор өвчлөл 15300 тохиолдлоор нэмэгдсэн. Нас баралт 253-аар нэмэгдсэн. Эдгэсэн хүн 673-аар нэмэгдсэн байна. БНХАУ өвчлөл гарсан цагаас эхлэн арга хэмжээ авч байгаа. Өвчнийг тогтоох лабораторийн хурдавчилсан аргыг нэвтрүүлснээр халдвар авсан хүмүүсийн тоо ингэж огцом нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл хурдан оношилж байна гэсэн үг.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хагаалах газрын дарга, дэд хурандаа П.Эрдэнэбат: ” ДЭМБ-ын захирал хэлэхдээ “Вирусээс илүү цуурхал хүчтэй тархаж байна. Тиймээс асуудалд айдсаар биш шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй гэсэн. Энэ бол удаа дараа яригдаж байгаа асуудал. Өчигдөр оройн хуурамч бичлэг тараасан хүн иргэн Г гэдгийг олж тогтоож, холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна. Худал мэдээллийг таслан зогсоох хэрэгтэй. Холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу арга хэмжээ авна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал:

“Улсын онцгой комисс, Засгийн газраас маш олон шийдвэр гаргаж, мэргэжлийн байгууллагууд бэлэн байдлаа хангаж эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа. Гэтэл иргэд хуурамч мэдээлэл тараахаас гадна өвчний шинж тэмдэг байхад олон хүнд тараах гэж байгаа юм шиг байдал гаргаж байгаа тохиолдол байна.

Хариуцлагагүй, хайхрамжгүй, иргэнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа явдал гараад байна. Тусгаарлагдаж байгаа иргэд эмч, эмнэлгийн ажилтнуудыг хэл амаар доромжлох байдал нэлээд хавтгай болсон. Баян-Өлгийд тусгаарлагдсан хүн 1-р сарын 10-нд Эрээн рүү гарсан. Эрээнээсээ цаашаа яваад 2-р сарын 02-нд буцаад Эрээнд ирсэн. Ингээд эргээд Бээжин яваад хоёр хоносон. Ингээд хоёрдугаар сарын 04-нд Бээжингээс  Эрээнд ирээд, Эрээнээсээ наашаа хилээр гараад 48 хүнтэй автобусаар яваад Замын-үүд дээр ирээд гурав хоносон. Улаанбаатарт ирээд хоёр хоносон. Цаашаа автобусаар Ховд руу явсан. Тэр автобус замдаа Булганы сансар, Ховдын Дарви гэдэг газар хооллосон. Тэр автобус 40 хүнтэй байсан. Цаашаа очоод тэр хүн Ховдод хоёр хоног зочид буудалд байрласан. Ингээд цаашаа Баян-Өлгий аймаг руу таксигаар явсан. Таксинд дөрвөн хүн байсан. Ингээд Баян-Өлгийд очсон хойноо халуураад, ханиалгаад, булчин, толгой өвдөж байна, гүйлгэж байна гэсэн зовиуртай аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод тусгаарлагдсан. Бүх шинжилгээг авсан.

Тухайн иргэн явсан зам, хаагуур хэдэн хүнтэй яаж явсанаа бидэнд огт мэдээлэхгүй байна. Үүнийг бид таксины жолоочийг хайж олж асууж байна. Автобусанд хамт явсан 40 хүнийг хайж олж бүгдэд нь зөвлөгөө өгч байна. Зөвхөн энэ тохиолдол дээр гэхэд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Төв гээд маш олон аймгийн эрүүл мэндийн салбар ажиллаж байна. Ингэж хүндрэл учруулахгүй баймаар байна. Иргэдэд маш их анхааруулах хэрэгтэй байна. Иргэд хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Инэснээр өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаална. Цаашлаад Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн асуудал яригдаж байна. Дэлхий даяараа яриад байна. ДЭМБ-аас улс орон бүр маш  нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Ингэхгүй бол хоцорно шүү гэж мэдээлэл өгөөд байхад ингэж хариуцлагагүй байгаагаа засах хэрэгтэй байна. Халдвар гарсан голомт руу битгий яв. Амны хаалтаа тогтмол хэрэглэ. Гараа тогтмол савандаж угаа. Халдварын чиглэлээр ДЭМБ зөвлөмж өгсний дагуу олон нийтэд сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлд тодорхой арга хэмжээ авч байна. ХӨСҮТ 200 ор бэлэн байна. Мөн Цэргийн төв эмнэлэг дээр шаардлага гарсан үед 570 орыг гарган ажиллахаар төлөвлөж, бэлдэж байна. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусламжийг авна.” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 11-нд Сүхбаатар аймагт тусгаарлагдсан хоёр, Замын-Үүдэд тусгаарлагдсан хоёр иргэний хариу сөрөг гарсан. 12-нд тусгаарлагдсан иргэдийн шинжилгээ хийгдэж байна. Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэний сорьц өнөөдөр үүрээр 05:00 цагт ХӨСҮТ-д ирсэн. Шинжилгээ хийгдэнэ.

Өнөөдрийн байдлаар нийт 120 иргэнд шинжилгээ хийгээд байна. Уханиас ирсэн оюутнуудын биеийн байдал сайн, өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй, ойрын хугацаанд давтан шинжилгээгээ хийхээр төлөвлөж байгаа. Замын-Үүд боомтод галт тэргэнд иргэдийг тусгаарласан хэвээр байгаа бөгөөд шинжилгээний хариу гараагүй. Түүнчлэн өчигдөр Японоос 1,000 оношлуур ирсэн. Үүн дээр нэмээд ДЭМБ-аас 3,000 оношлуур ирнэ” гэв.

Exit mobile version