Улс төр

Төсөвт тодотгол хийхийг МАН-ын бүлгийн гишүүд 100 хувь дэмжив

Нийтэлсэн

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлыг танилцуулав.

Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа: Өнгөрсөн өдрүүдэд болсон жагсаал цуглааны шаардлага, өнөөгийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Хоёрдугаарт, Олон улсын хямралт байдлаар үүдэлтэй гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан Их хурлын даргын захирамжаар төсөв, эдийн засагтай холбоотой байнгын хороодын дарга нарыг нэгтгэсэн ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөгөө танилцуулаад, гишүүдийн саналыг сонслоо.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Өнөөдөр хамгийн тулгамдсан асуудал үнийн өсөлт болоод байна. Урд хил дээр нөхцөл байдал сайжрахгүй болов уу гэдэг байдал ажиглагдаж байгаа. Украинд болж байгаа дайнаас үүдэлтэй гадаад худалдааны хүндрэл бэрхшээл нэлээд урт хугацаанд үргэлжлэх шинжтэй байна. Тиймээс бид нөхцөл байдал сайжирна гэдэг хүлээлттэй байснаа өөрчилж байна.

Төсөвт тодотгол хийж байгаагийн шалтгаан нь төгрөгийн ханш дээр ирж байгаа дарамтыг буулгах юм. Их хэмжээний валютын эрэлтийг бий болгох нь олон эрсдэлийг үүсгэж байна. Нэгдүгээрт, төгрөгийн ханшийг унагаж, валютын нөөц хомсдоход хүргэж байна. Мөн хүндрэлтэй байгаа тээвэр ложистикт улам хүнд дарамт үүсгэж, үүнийг дагасан үнийн өсөлтийг бий болгох эрсдэлтэй болж байгаа юм. Тиймээс богино хугацаанд үр дүн гаргахын тулд Төсвийн тодотголыг хийхийг бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Ойрын үед Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлнэ” гэв.

Exit mobile version