Улс төр

Хуулиа мэдэхгүйгээс болов уу, хууран мэхлэхийг санаархав уу!

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ өгсөн тухайгаа энэ сарын 09-ний өдөр зарлалаа.

Харамсалтай нь, ямар ч хуулийн боломжгүй зүйлээр попорчихлоо. Тэрээр Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон асуудалд орооцолдсон. Засгийн газраас Хөгжлийн банкны асуудлыг олон нийтэд ил болгосноор хуулийн байгууллагад шалгуулахыг ард түмэн шаардаж эхэлсэн.

Даанч Хөгжлийн банкы удирдлагад ажиллаж байсан зарим хүнийг хорьж, шалгаж байгаа хэрнээ зарим нь халдашгүй дархан эрхийн ард нуугдаад байгааг олон нийтэд эсэргүүцээд байгаа юм. Харин залуучуудын хийсэн жагсаалтай яг зэрэгцэн тэрээр яаралтай мэдэгдэл гаргаж, УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлт гаргав.

Даанч УИХ-ын гишүүний зүгээс өөрөө түдгэлзэх хүсэлт гаргаж, түүнийг нь чуулганы хуралдаанаар шийдэх ямар ч боломжгүйг хамгийн сайн мэдмээр юм. Улсын ерөнхий прокуророос хоёрхон нөхцөлд л гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжтой. Тухайн гишүүн гэмт хэрэг үйлдэхдээ газар дээрээ баригдсан, хуулийн байгууллагаар шалгагдаж байх явцдаа буруутай нь тогтоогдсон бол боломжтой. Харин гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж болно. Ингэсэн тохиолдолд чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцэх боломжтой болдог.

Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ гэсэн хуулийн тодорхой заалт ч бий. Нэг ёсондоо олонхоороо гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзвэл тэгээд л болно гэсэн үг. Ийм шийдвэр гаргасан тохиолдолд баривчлагдсан байсан ч нэг цагийн дотор суллах хуулийн заалттай.

Ер нь УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан хамгийн ойрын жишээ бол гишүүн асан Н.Номтойбаяр. Тэрээр 2020 онд гишүүнээсээ түдгэлзэх хүсэлт гаргаж байсан ч түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гарснаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байлаа. Түүнээс өмнө 2018 онд УИХ-ын гишүүн асан Д.Гантулга мөн чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, хуулийн байгууллагаар шалгуулж байсан. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын чөлөөлөгдөх хүсэлтэд “Миний бие УИХ-ын тухай хуулийн 6.6.3-т заасны дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгааг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” хэмээн бичсэн байдаг.

Харин Г.Амартүвшин гишүүн болохоор мэдэгдэлдээ “Миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-д гаргаж байна” хэмээн бичсэн байна. Нэг ёсондоо өөрийнх нь хүсэлтээр түдгэлзүүлэх боломжгүй учраас хэлээд байгаа шигээ иргэн хүний адилаар шалгуулах хүсэлгүй байна гэж хардахаар байгаа юм. Чөлөөлөгдөх, түдгэлзэх гэдэг ганцхан үгний өөр утга байх боловч хуулийн зохицуулалт нь тийм учраас ямар ч арга байхгүй. Ард түмэнд таалагдах шийдвэр мэт боловч Ёс зүйн байнгын хороогоор асуудлыг авч хэлэлцээд хуулийн мухардалд ордог гэдгийг насаараа шахуу Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлж байсан.

Тэгэхээр Г.Амартүвшин гишүүнийг хуулийн мэдлэггүйгээсээ болоод ийм үгийн алдаа гаргалаа гэж үзэх үү, хууран мэхлэх санаа анхнаасаа агуулж ийм мэдэгдэл гаргасан гэж бодох уу гэдэг нь өөрөө асуудал. Уг нь бол үнэхээр л шалгуулъя гэж бодож, нэр төрөө цэвэрлэж авъя гэж бодож байгаа бол гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх байв. Хэрэв тэгж чадвал жинхэнэ улстөрчийн ёс зүйн хувьд сайн жишиг болох байлаа.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version