Дэлхий

Путинтэй уулзсан Австрийн канцлер: Нөхөрсөг бус уулзалт боллоо

Нийтэлсэн

Австрийн канцлер Карл Нехаммер өчигдөр Москва хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Тэрээр Орос, Украины дайн эхэлснээс хойш Путинтэй уулзсан барууны орны анхны удирдагч болжээ.

Түүнээс хоёр хоногийн өмнө буюу өнгөрөгч бямба гарагт канцлер Нехаммер Киевт очиж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй уулзсан байна.

Нехаммер, Путин нарын уулзалт цаг хагасын хугацаанд хаалттай нөхцөлд үргэлжилж, уулзалтын дараа хэвлэлийн хурал хийгээгүй байна. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Австрийн тал хаалттай хэлбэрээр зохион байгуулах хүсэлтэй байсан гэжээ.

Австрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Путин, Нехаммер нар гар бариагүй, хамтдаа зураг авхуулаагүй талаар бичсэн байна. Австрийн канцлерийн “Нөхөрсөг бус уулзалт боллоо. Би Украинаас дөнгөж сая ирсэн. Оросын түрэмгий дайны бий болгосон хэмжээлшгүй их зовлон зүдгүүрийг нүдээрээ харлаа” гэх үгсийг тус улсын Kurier  хэвлэл дамжуулжээ.

Нехаммер “Путинтэй хийсэн ярилцлага шулуун, нээлттэй бас хатуухан болсон” гэв. Тэрээр уулзалтын үеэр Буча болон бусад нутаг дэвсгэрүүд дэх дайны гэмт хэргийн асуудлуудыг хөндөж, буруутай этгээдүүд хариуцлага хүлээх ёстой гэдгийг онцолсон байна. Тэрээр Путинд “Украинд хүмүүс үхсээр байвал Оросын эсрэг хоригууд хэрэгжсээр байх болно” гэж хэлжээ.

“Гэхдээ Путинд хэлсэн хамгийн гол зүйл бол энэ дайн дуусах ёстой, учир нь дайнаас болж хоёр тал хоёул хохирч, ялагдаж байна” гэв. Тэрээр Европын улс орнуудын удирдагчдад уулзалтын талаарх мэдээллийг хүргэж, цаашид ямар алхам хийх талаар зөвлөлдөнө гэжээ.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version