CRI Монгол радио
Хар даа!Жинхэнэ хор найруулагчийг…
Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр талын дайны нөхцөл байдал дэлхий дахины санааг зовоож байгаа. Түүний зэрэгцээ Украинд байгуулсан Америкийн биологийн лаборатори мөн дайтагч хоёр талын анхаарлын төвд орсон байна.
Гуравдугаар сарын дундуур Оросын Батлан хамгаалах яам Украины биологийн лабораторийн ажилтнуудаас авсан баримт бичгийг нийтэлсэн. Энэ нь Америк, НАТО-ийн холбоотнууд Украинд явуулсан биологийн зэвсгийн судалгааг ил болгож байгаа юм. Хүн төрөлхтний тал хувийг үхэлд хүргэх чадавхитай H5N1 томуу, Ньюкасл зэрэг асар өндөр эрсдэлтэй вирус эдгээр судалгаанд хамрагджээ.
Оросуудын гаргаж тавьсан баримтыг няцаахын тулд Америкийн эрх баригчид холбогдох судалгааны ул мөрийг яаравчлан баллаж, Украины лабораторид хадгалж байсан аюултай эмгэг төрүүлэгч бичил биетүүдийг устгах, шилжүүлэх тушаал гаргасан нь гүн сэжиг төрүүлж байгаа юм.
Украин дахь биологийн энэ лаборатори бол дэлхийн олон газар байгуулсан Америкийн ийм төрлийн ижил лабораторуудын нэг, мөсөн уулын нэг өнцөг төдий юм. Америкчуудын гаргасан мэдээллээс үзвэл, тус улс дэлхийн 30 гаруй орны 336 биологийн лабораторийг хянах болон судалгааны ажилд шууд оролцдог байна. Эдгээр лаборатори бол Пентагоноос шууд санхүүжүүлэн хянадаг “Био-синержи хөтөлбөр”-ийн нэг хэсэг бөгөөд ихэвчлэн Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Ази, Африк тивд байрладаг байна.
2018 онд Гүржийн Аюулгүй байдлын сайд асан Георгадзе “Америк Жоржиа дахь Лугарын биологийн лабораторид хүний биед нууц туршилт хийсэн бөгөөд үүний үр дүнд олон оролцогч амиа алдсан” гэж мэдэгдсэн. Түүнчлэн 2019 онд Өмнөд Солонгосын гаалийн ажилтнууд Пусан боомтын усан онгоцны наймдугаар зогсоол, өөр бусад газраас янз бүрийн зэвсгийн чанартай вирус, бактерийн дээж илрүүлсэн байдаг. Үүнийг Америкийн арми ямар ч мэдүүлэг журам бөглөлгүй Өмнөд Солонгос руу илгээсэн гэж тэд мэдэгдсэн юм.
Америкчууд гадагшаа олон чиглэлээр “ажилладаг”. Тэд нэг талаар бусад улс оронд дарамт үзүүлэн биологийн лабораторид хамтран ажиллаж, “биологийн хордлого” зохионо. Нөгөө талдаа өөрсдийн үзэл суртлаа “экспортолж”, тухайн улс орнууд, тэдний хөршүүдэд гамшиг тарьсаар байдаг.
Америкийн дипломатч Уильям Блум “Ардчилал: Америкийн хамгийн үхэл дагуулсан экспорт” ном бичсэн. Номдоо тэрбээр, Америкийн “гадаад тэлэлт” нь “ардчиллын экспорт”-той нягт холбоотой гэж онцолсон байна. Урт хугацааны турш “ардчилал экспортлох” нь Америкийн гадаад бодлогын “тусгай брэнд” болж, түүн дээр тоо томшгүй олон хар түүх бичигдсэн гэжээ.
Эрдэмтэн О’Рурк номдоо “Хүйтэн дайны үед Америкчууд дэглэм солих 64 далд, 6 ил тод ажиллагаа явуулсан. Коста Рика, Гватемал, Эквадор, Боливи, Сальвадор, Гренада, Гондурас, Панам, Гаити, Венесуэл… Латин Америкт “Америкийн хар гар” хүрээгүй орон цөөн гэжээ.
Дэлхийд ноёрхлоо бэхжүүлж, түүний хоёр нүүртэй “ардчилал”, “эрх чөлөө” болон бусад “үнэт зүйл”-ээ сурталчлахын тулд Америк боломжтой бүхнийг хийсэн. Өнгөрсөн 20 жилд Гүржид “өнгөт хувьсгал” гэгдэх “Сарнайн хувьсгал”, Украинд “улбар шар хувьсгал”, Киргизэд “Алтанзул цэцгийн хувьсгал” ар араасаа гарав. Америкийн “экспортолсон ардчилал” эдгээр улсад аль нь ч тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт авчраагүй. Харин ч жагсаал цуглаан, засгийн газрын уналт, эдийн засгийн ухралт, сөхрөлт зэрэг “хүйтэн дайны хараал” хүрсэн юм.
Ливи, Сирийн дотоодын дайнд Америк хөндлөнгөөс оролцож, Ойрхи Дорнодод хүнд гамшиг тарьсан. Браун их сургуулийн “Дайны зардал” төслөөс саяхан гаргасан тайланд дурдсанаар, “9.11”-ийн хэрэг явдлаас хойш Америк дэлхийн 85 оронд терроризмын эсрэг гэх ажиллагаа явуулж, үүний үр дүнд 363-387 мянган энгийн иргэн амиа алдаж, 38 сая гаруй хүн гэр орноосоо дүрвэжээ.
“Өнгөт хувьсгал”-д нэрвэгдсэн Украиныг дахин хар. Украины ДНБ 1992 онд бүс нутагтаа хоёрт жагсаж байв. Гэтэл 2018 он гэхэд Европын хамгийн ядуу орон болсон. Үүнийг Украин, Беларусь зэрэг Евроазийн 12 орныг хамруулсан судалгааны тоо баримт харуулж байна.
Дайны сэтгэлгээ Америкийн “ген”-д гүн шингэсэн байна. Энэхүү “хор найруулагч” хөгжиж буй орнуудын хамтын хөгжил дэвшлийг хараад түгшиж, өөрийн явцуу гегемони ашиг сонирхолдоо хөтлөгдөн, үймээн самуун, цуст мөргөлдөөн, зовлон зүдгүүр сэдсээр, өдөөсөөр байна.