Дэлхий

Украины тал Путиний хамгийн ойрын холбоотныг баривчилснаа зарлажээ

Нийтэлсэн

Украин дахь Путиний хамгийн ойрын холбоотныг баривчлах тусгай ажиллагаа амжилттай болсныг Киевийн эрх баригчид зарлажээ.

Энэ хүн нь Украины сөрөг хүчний улс төрч, олигархи Виктор Медведчук юм байна.

Медведчук нь Оростой хийдэг газрын тосны бизнес дээр баяжсан хүн юм. Түүний отгон охиныг Путин загалмайлж байжээ. Медведчукийн удирддаг Амьдралын Төлөө-Сөрөг Хүчний Платформ нам нь Москвагийн бодлогыг дэмждэг. 2021 оны тавдугаар сард тэр цэргийн нууц мэдээллийг Оросын талд дамжуулж, эзлэгдсэн Крымийн газар нутгийн баялгийг ашигласан үндэслэлээр эх орноосоо урвасан хэрэгт шалгагдаж, тэр үеэс хойш гэрийн хорионд байсан юм.

Гэвч Оросын цэрэг Украинд халдан довтолсон эхний өдөр Медведчук гэрийн хорионоосоо оргож байжээ.

Түүний эзэмшдэг $200 саяын үнэтэй, 93 метр урт тэнгисийн хөлөг онгоцыг өнгөрсөн сард Хорватын боомтоос хураасан юм.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский сошиал хуудсандаа Медведчукийг баривчилсан тухай мэдээлжээ.

“Украины нууц албаныхны тусгай ажиллагаа амжилттай боллоо. Энэ хүнийг би өөрийн олзлогдсон охид, хөвгүүдээр солих саналыг ОХУ-д тавьж байна” гэж тэр мэдэгдээд Медведчукийн гэрэл зургийг хавсаргасан байна. Гэрэл зурагт Украины цэргийн дүрэмт хувцастай, гартаа гавтай Медведчукийг харуулжээ.

зураг

Гуравдугаар сард Зеленский Медведчукийн намыг болон бусад Москватай хэлхээ холбоотой жижиг улс төрийн хүчнүүдийг тараах шийдвэр гаргасан юм.

Украины нууц албаны сошиал хуудсанд “Та шүүхээс зугтаж болно. Бүр Украины цэргийн дүрэмт хувцас өмсөөд нуугдаж болно. Гэхдээ ингэх нь шийтгэлээс хамгаалах уу? Огт үгүй!” гэж мэдээлжээ.

Медведчукийг баривчилсан явдал Путинийг нэлээд бухимдуулж байсан юм. Тухайн үед Путин үүнийг улс төрийн явуулга хэмээн шүүмжилж, хариу арга хэмжээ авахаа амлаж байжээ.

Сэтгүүлчид өчигдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос улс төрчийг баривчилсан талаар асуухад “Украинаас маш олон худал мэдээлэл ирж байгаа. Тиймээс эхлээд шалгах хэрэгтэй” гэж хариулсан байна.

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version