Эдийн засаг
Үнийн талаар мэдвэл зохих зүйлс: Инфляц гэж юу вэ, түүний шалтгаан юу вэ?
Wall Street Journal дээрх инфляцын талаарх тайлбар нийтлэлийг тоймлон хүргэж байна.
ИНФЛЯЦ ГЭЖ ЮУ ВЭ?
Инфляц гэдэг нь өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлт буюу мөнгөний үнэ цэнийн уналт юм. Энэ нь цөөн бараа, бүтээгдэхүүний араас хэт их эрэлт бий болох үед ихэвчлэн үүсэж, улмаар үнийн өсөлт явагддаг байна. Үнийн өсөлт нь нийт эдийн засгийг хохироохоос илүүтэй, яг тухайн бараа үйлчилгээг худалдан авч буй хэрэглэгчид хүндээр тусдаг. Гэхдээ эрэлт, нийлүүлэлтийн зөрүүгээс шалтгаалж олон төрлийн бараа, үйлчилгээний үнэ зэрэг огцом өсөөд байгаа нь эдийн засагчид, төрийн бодлого тодорхойлогчдод тулгарч буй том сорилтуудын нэг болоод байна.
ИНФЛЯЦЫГ ЮУ БИЙ БОЛГОЖ БАЙНА ВЭ?
Өнөөгийн инфляцын хэд хэдэн шалтгаан нь цар тахалтай холбоотой юм. Пандемикийн үед хэрэгжүүлсэн эдийн засгийг дэмжих бодлогын үр дүнд худалдан авагчид бэлэн мөнгөтэй байв. Харин карантины үеэр бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт тавьснаар бүтээгдэхүүний нийлүүлэлт хомстож, үнэ өсөх шалтгаан болжээ. Түүнчлэн, хөдөлмөрийн зах зээлд ажилчдын тоо багассанаар үйлдвэрлэл үйлчилгээ хумигдсан, далайн боомтуудад гацаа үүсэхийн зэрэгцээ ачаа барааг тээвэрлэхэд хүндрэлтэй болсон зэрэг нь үнийн өсөлтийн шалтгаан болжээ. Цар тахлын улмаас эрчим хүч болон хүнсний үнэ, тэр дундаа шатахууны үнэ өссөн нь мөн инфляцад хүчтэй нөлөөлж байна.
ИНФЛЯЦЫГ ХЭРХЭН ХЭМЖДЭГ ВЭ?
Инфляцыг хэмжих олон арга байдаг. Америкт хэрэглээний үнийн индекс (CPI)-ээр хэмжигдэх инфляц болон хувийн хэрэглээний зардлаар (PCE)- тооцсон инфляцыг түгээмэл ашигладаг байна. Хэрэглээний үнийн индексээр тооцсон инфляц нь өрхүүдээс авсан судалгаанд тулгуурлаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тооцдог байна. Энэ нь өрхүүдийн шууд төлдөг зардлыг илэрхийлдгээрээ онцлог бөгөөд, ЭМД-aaс төлсөн зардлыг тусгадаггүй байна. Харин хувийн хэрэглээний зардлаар (PCE)-aaр тооцсон үнийн индекс нь илүү өргөн цар хүрээг хамруулж авч үздэг бөгөөд ашгийн төлөө бус байгууллагын хэрэглээ, болон өрхийн шууд бус хэрэглээний үнийн өсөлтийг ч агуулдаг байна.
ҮНЭ ХЭР ХУРДАН ӨСӨЖ БАЙНА ВЭ?
Америкт 2-р сарын статистикаар ХҮИ өмнөх оны мөн үеэс 7.9%-аар, үүнээс хүнс, эрчим хүчний үнийг хасвал 6.4%-аар өссөн байна. Инфляцын хурдацтай өсөлт нь сүүлийн 40 жилийн хугацаанд байгаагүй үнийн өсөлт болж байна. Орос-Украйны хямралаас шалтгаалж нефтийн үнэ өсөж, АНУ-д шатахууны үнэ өнгөрсөн 3 дугаар сард хурдтай өссөн нь инфляц өсөх нэмэлт дарамт болж буй.
Эх сурвалж: WSJ