Дэлхий
Бразилын арми яагаад их хэмжээний Виагра худалдаж авсныг ерөнхийлөгч Болсонару тайлбарлах хэрэгтэй болжээ
Саяхан Бразилын хэвлэл тус улсын зэвсэгт хүчин их хэмжээний Виагра эм худалдаж авсныг олж мэдээлсэн юм.
Үүний улмаас сөрөг хүчнийхэн Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонаругаас энэ талаар тайлбар шаардаж эхэлжээ.
“Татвар төлөгчдийн мөнгийг их хэмжээний Виагра худалдаж авахад яагаад зарцуулснаа Болсонаругийн засгийн газар тайлбарлах ёстой” гэж сөрөг хүчний хууль тогтоогч Элиас Ваз өчигдөр мэдэгдсэн юм.
Бразилын тэнгисийн болон агаарын хүчний хэрэгцээнд 35,000 ширхэг Виагра худалдаж авсныг хэвлэлүүд Даваа гарагт анх мэдээлж байв.
Зэвсэгт хүчнийхэн энэхүү худалдан авалтаа цэргүүдийн цусны өндөр даралтыг эмчлэхэд зориулдаг гэсэн тайлбар өгсөн байна.
Виагра эмийн үндсэн зориулалт нь эр бэлэг эрхтний хөвчрөлийг сайжруулах юм.
Рио мужаас сонгогдсон конгрессын гишүүн Марчело Фрейксо “Болсонаругийн засгийн газар коронавирусийн эсрэг вакцин худалдаж авахдаа гар татдаг атлаа зэвсэгт хүчинд 35,000 ширхэг Виагра авах зөвшөөрөл өгсөн нь гайхалтай” гэж твиттер хуудсандаа бичээд уг асуудлыг шалгуулахаар прокурорт хандахаа мэдэгджээ.
Бразилын 67 настай ерөнхийлөгч Жайр Болсонару өмнө нь армид алба хашиж байсан ба өөрийн засгийн газрын танхимыг цэргийнхнээр дүүргэсэн юм.
Тэрбээр үе үе цэргийн хүч хэрэглэх боломжтой тухай сөрөг хүчнийхэндээ анхааруулдаг. Өнгөрсөн онд тэр ордныхоо гадаа сүржин цэргийн парад зохион байгуулсан нь хүч чадлаа харуулж, өрсөлдөгчдөө айлгах зорилготой байсан гэдэг.
Эх сурвалж: Associated Press