Дэлхий

Финланд улс ойрын үед НАТО-д элсэх шийдвэрээ гаргана гэв

Нийтэлсэн

Өчигдөр Швед, Финланд улсуудын ерөнхий сайд нар НАТО-д элсэх асуудлаар Стокхольм хотод уулзаж ярилцжээ.

Уулзалтын дараа зохион байгуулсан хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Финландын ерөнхий сайд Санна Марин тус улс сар хүрэхгүй хугацааны дотор НАТО-д элсэх эсэхээ эцэслэн шийдэхээ мэдэгдсэн байна. Тэрбээр шийдвэрээ хойшлуулах ямар нэг шалтгаан байхгүйг энэ үеэр мэдэгджээ.

Финланд, Швед улсууд нь эвсэлд үл нэгдэх гадаад бодлогыг тууштай баримталж ирсэн түүхтэй. Гэвч ОХУ-ын эрх баригчид хөрш Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэн нь эдгээр улсуудын олон нийтийн үзэл бодлыг огцом эргүүлсэн юм.

Шведийн ерөнхий сайд Магдалена Андерссон улс орон нь НАТО-д элсэх боломжийг “маш нухацтай” судалж байгаа ба шийдвэр гаргахад саад болох шалтгаан харагдахгүй байгааг бас хэлсэн байна.

Шведийн Svenska Dagbladet сонин өчигдрийн дугаартаа хатагтай Андерссон ирэх зургаадугаар сард болох НАТО-гийн дээд чуулганы үеэр гишүүний өргөдлөө гаргахаар төлөвлөж байгааг мэдээлжээ.

Финланд улс ОХУ-тай 1,340 км урт зурвасаар хил залгадаг.

Тус улсын ерөнхий сайд Санна Марин “Би хэзээ шийдвэр гаргах талаар тодорхой хугацаа хэлж чадахгүй. Гэхдээ ойрын үед шийдэхээ амлаж байна” гэж хэлжээ.

НАТО-гийн гишүүн болсноор аль нэг гишүүн улс нь халдлагад өртөхөд эвсэл бүхэлдээ халдлагад өртсөнд тооцдог гэрээний Тавдугаар Зүйл улс орных нь аюулгүй байдлын баталгаа болохыг тэр энэ үеэр онцолсон байна.

Хэрвээ Финланд улс НАТО-д элсвэл батлан хамгаалах зардалд төсвийнхөө 1.5 хувийг нэмж зарцуулах шаардлагатай болно.

Тус улс 2026 он гэхэд батлан хамгаалах зардлаа одоогийнхоос 40 хувиар нэмэгдүүлэх шийдвэрээ зарлаад байгаа.

Финландчууд 1939 онд Зөвлөлтийн эзлэн түрэмгийлэлд өртөж, зүүн Карел мужийнхаа ихэнх хэсгийг алдаж байсан түүхтэй.

Одоо тус улс 21,500 орчим цэрэг бүхий байнгын армитай, дайн гарсан тохиолдолд 200,000 хүн нэмж дайчлах бэлтгэл нөөцтэй юм байна.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version