Дэлхий
Ким Жон Ун телевизийн алдарт хөтлөгчдөө тансаг ангиллын орон сууц бэлэглэжээ
Умард Солонгосын төв телевизийн хөтлөгч Ри Чун Хи тус улсын онцгой чухал үйл явдлын мэдээг өвөрмөц дуу хоолойгоор уншдагаараа алдартай хүн юм.
Удирдагч нас барсан, цөмийн зэвсэг туршсан зэрэг үйл явдлуудын мэдээг тэр асар их сэтгэл хөдлөлтэй уншдагаараа дэлхий дахинд хүртэл алдаршсан билээ.
Ингэхдээ солонгос үндэсний тод ягаан өнгийн хувцастай эфирт гардаг тул гадаадад түүнийг “ягаан хатагтай” гэж нэрлэдэг.
Тэгвэл Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр алдарт хөтлөгчид нийслэл Пёньян хотод шинээр баригдсан тансаг ангиллын орон сууцыг бэлэглэсэн тухай тус улсын төв хэвлэл мэдээлжээ.
Хүүхэд наснаасаа эхлэн 50 орчим жилийн турш хувьсгалын суртал нэвтрүүлэгчээр ажилласан Ри хатагтайн хөдөлмөрийг Ким Жон Ун өндрөөр үнэлээд эрүүл саруул байж, цаашид үргэлжлүүлэн ажиллахыг хүссэн тухай уг мэдээнд өгүүлсэн байна.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд Умард Солонгосыг үндэслэгч Ким Ил Суны мэндэлсний 110 жилийн ой тохиож байна.
Ким Жон Ун өвөг эцгийнхээ мэндэлсний түүхт ойг тохиолдуулан олон арга хэмжээнд оролцож байгаа. Тэдгээрийн нэг нь Лхагва гарагт ашиглалтад орсон уг орон сууц юм.
79 настай Ри хөтлөгчийг Ким Жон Ун шинэ байранд нь хөтлөн оруулж, танилцуулжээ.
Ри болон түүний гэр бүлийнхэн шинэ байрандаа шөнөжин унтаж чадалгүй уйлцгааж, нам засагтаа талархал илэрхийлсэн тухай Солонгосын Төв Агентлаг мэдээлсэн байна.