Дэлхий
“Донбассын тулаан” эхэлснийг Зеленский зарлалаа
Даваа гарагт Оросын зэвсэгт хүчин Украины дорнод хэсэгт томоохон байлдааны ажиллагаа эхлүүлсэн байна.
Өнгөрсөн хугацаанд Оросын тал нийслэл Киев болон Украины умард хэсгээс цэргийн хүчээ татаж, Донбассын бүс нутагт төвлөрүүлж байсан юм.
“Оросын зэвсэгт хүчин удаан хугацаанд бэлдсэн Донбассын тулаанаа эхлүүлснийг бид үүгээр мэдэгдэж байна” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр цацсан видео мэдэгдэлдээ өгүүлжээ.
Украины үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Олексий Данилов “Өнөөдөр өглөө тэд байлдааны шинэ үе шатыг эхлүүллээ. Донецк, Луганск, Харьков орчмын бараг бүх фронтоор эзлэн түрэмгийлэгчид манай хамгаалалтыг сэтлэхээр довтолж эхэлсэн байна” гэж мэдэгдсэн юм.
“Дайны хоёрдугаар үе шат эхэллээ. Манай зэвсэгт хүчинд итгэж болно. Тэд маш их хүчтэй” гэж Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак өөрийн сошиал хуудсанд бичжээ.
Украины дорнод хязгаарын Донецк, Луганск мужуудыг багтаасан бүс нутгийг Донбасс гэж нэрлэдэг.
Дээрх хоёр мужийн зарим хэсэг Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хяналтад 2014 оноос хойш байдаг. Украинд явуулж буй дайныхаа хоёрдугаар үе шатанд Оросын тал Донецк, Луганскийг бүрэн чөлөөлөх зорилготойгоо өнгөрсөн сард мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: Reuters