Улс төр
ТАНИЛЦ: Наадмын талбай, соёлын төв, спорт заал, усан бассейн зэрэг 425 төслийн зардлыг танана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар он гарсаар 2022 оны төсөвт хоёр ч удаагаа тодотгол хийхээр оруулж ирээд байна. Эхний төсвийн тодотгол Цагаан сарын өмнөхөн ахмадын тэтгэврийн нэмэхэд 637 тэрбум төгрөг зарцуулах хүрээнд эх үүсвэрийг Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгөөнөөс давсан орлого болон энэ оны төсөвт тусгасан 123 төсөл, арга хэмжээний зардлыг танах маягаар зохицуулсан.
Тэгвэл хоёр дахь удаагийн төсвийн тодотгол үндсэн гурван зүйлд чиглэгдэж байна. Нэгдүгээрт, үнийн хөөрөгдлийг бууруулах, инфляцийг тодорхой түвшинд барих. Хоёрдугаарт, төсвийн бодлогын хувьд хэмнэлтийн горимд шилжих учир Төрийн хэмнэлтийн хуулийг оруулж ирэх. Гуравдугаарт, цэцэрлэгийн хүртээмж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг төсвийн тодотголын хүрээнд шийдэхээр Засгийн газраас оруулж ирэв.
Энэ хүрээнд улсын төсвийн 518.9 тэрбум төгрөгөөр хийгдэхээр төсөвт суулгасан нийт 425 төсөл, арга хэмжээний зардлыг танахаар болжээ. Үндсэндээ 2022 оны шинэ хөрөнгө оруулалт 1 их наяд төгрөг. Үүний 50 хувь хасагдахаар болж байна.
Ингэхдээ төсвийн тодотголыг дөрвөн хэсэгт хуваан авч нийтдээ 518 тэрбум төгрөгийн төслийг зогсооно.
ТӨСВИЙН ТОДОТГОЛД БАРИМТЛАХ ЗАРЧИМ:
НЭГ-2022 онд дуусах төслүүдийг ашиглалтад оруулах
Энэ төрлийн нийт 696 төслийг зогсоохгүйгээр цааш хэрэгжүүлнэ. Үүнд нийтдээ 803.2 тэрбум төгрөгийг зарцуулна. Задалбал,
- сургууль-67
- цэцэрлэг-86
- эмнэлэг-34
- дотуур байр-22
- автозам-33
- эрчим хүч-20
- инженерийн дэд бүтэц-36
- нийгмийн хамгаалал-21
- бусад 361 төсөл
ХОЁР-хэвийн үргэлжилж байгаа болон 2022 онд шинээр гэрээ байгуулсан төслүүдийн хэрэгжих хугацаа, төсөвт өртөг, санхүүжих дүнд өөрчлөлт орохгүй.
ГУРАВ-Нэн шаардлагатай бус төслүүдийг хэмнэх
Энэ төрлийн нийт 94 төслийг зогсоож, 103.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ.
- контор-6
- наадмын талбай-3
- соёлын төв -7
- спорт заал, цогцолбор-3
- усан бассейн-2
- конторын тоног төхөөрөмж-18
- конторын их засвар-12
- Айргийн өргөө-1
- орон нутгийн тохижилт-6
- нийтийн эзэмшлийн зам талбай-3
- бусад төсөл-33
ДӨРӨВ: Ажлын явц гүйцэтгэлтэй уялдуулан энэ онд ашиглалтад орох боломжгүй зарим төслүүдийн санхүүжих дүнг бууруулж хойшуулах. Үүнд нийтдээ 331 төсөл 415.1 тэрбум төгрөгийн танана.
Төсвийн тодотголын дээрх задаргааг өчигдөр /2022.04.18/ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар бүтэн өдөржингээ хэлэлцсэн. Ерөнхий сайд төслөө танилцуулчихаад гараад явчихсан. Энэ үеэр бүлгийн гишүүдийн уур амьсгал тийм ч таатай байгаагүй. Өмнөх тодотголоор 123 төслөө тануулчихсан гишүүд дахиад 425 төсөл хөтөлбөрийнхөө санхүүг татуулах нь тэдэнд сайхан байхгүй нь лавтай.
Мөн бизнес эрхлэгч зарим гишүүний хувьд хувийн байгууллагын ажилчдын НДШ-ийн 50 хувийг буцааж төрөөс өгөх шийдвэрийг эсэргүүцэж, НДС-г улам алдагдалд оруулах нь, үүний оронд шимтгэлийн хувь хэмжээг нь тодорхой хэмжээгээр бууруулах хувилбар байж болно гэдгийг ч хөнджээ. Үндсэндээ НДШ-ийн 50 хувийг он дуустал буцааж олгоход 280 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мэт тойргийнхоо төсвөөс хасуулахад уурссан зарим гишүүн Ерөнхий сайдыг хэтэрхий нийгэмд таалагдах гэсэн шийдвэрүүдийг гаргалаа, би ч тойргийнхоо төсвийг хасуулахгүй гэж уурсжээ.
Хуралдаан бүтэн зургаан цаг гаруй үргэлжилж, бүгд л санал байр сууриа илэрхийлсэн. Дийлэнх нь тойрогтоо хийгдэхээр тусгасан бүтээн байгуулалтынхаа ач холбогдол болоод сайн, сайхныг нь “магтав”.
Бүлгийн хуралдаанд огтхон ч суудаггүй парламентын ганц “өдрийн од” гэгдэх Ц.Анандбазар гишүүн хүртэл бүлгийн хуралд сууж Булган аймагт улсын төсвийн 3.8 тэрбумаар баригдах Айргийн өргөөнийхөө төсвийг тануулахгүй. Уг өргөө ашиглалтад орсноор зэргэлдээ найман сумын иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ гэж тас гүрийжээ.
Энэ мэт гишүүд тойргийнхоо төсвийг тануулахгүй гэж хаацайлсан учир санал хураалтын үеэр Ерөнхий сайдыг дуудаж, нүүрэн дээр нь санал хураалтыг явуулжээ. Намын даргынхаа нүдэн дээр гишүүд яаж ч чадахгүйн дээр үг, дуугүй дэмжсэн санал дарцгааснаар төсвийн тодотголыг бүлэг нь дэмжив.
Энэ Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар танилцуулсны дараа УИХ-д өргөн барина.