Эдийн засаг

С.Дэмбэрэл: Төв банкны инфляцын зорилт бол дунд хугацааны зорилт юм

Нийтэлсэн

Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлийн Блүүмберг ТВ Монголиа телевизэд өгсөн ярилцлагаас хүргэж байна. 

– Үнийн өсөлт дэлхий даяар тулгамдсан асуудал болж байгаа энэ үед Төв банк бодлогын хүүгээ 9 хувьд хүргэж нэмэгдүүлсэн. Мөн ам.долларын ханш 3000 төгрөг давсан. Нөгөө талаас ойрын хугацаанд 1-2 тэрбум ам.долларын орох урсгал орж ирнэ гэдгийг УИХ болон төв банкны удирдлагууд онцолж байна. Энэ нөхцөлд Та эдийн засгийн ойрын хугацааны эрсдэлийг хэрхэн үнэлж байна вэ?

2021 оны инфляцыг 12 сараар нь авч үзвэл нэг онцлог бий. 2021 оны туршид нэг ч сард нь инфляцын хурдац саарах буюу дисинфляц явагдаагүй, дандаа өсөлттэй байсан. Урьд өмнөх жилүүдийг авч үзвэл жилийн 12 сараас багадаа 3, ихдээ 8 сард нь дисинфляц буюу инфляц саарах үзэгдэл тохиож байв. 20 жилийн турш жил бүр тодорхой хэмжээгээр дисинфляцтай явж ирсэн. Тэгэхээр энэ нь 2021 оны инфляцын нэг онцлог нь юм.

Хоёрдугаарт, инфляцын асуудал өөрөө дэлхий нийтийн санаа зовоосон асуудал болчихлоо. Дэлхий нийт нийлүүлэлтийн инфляцтай нүүр тулж байна. Энэ утгаараа түүхэн үзэгдэл бөгөөд цаашдаа хэрхэх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Инфляцыг нэгдүгээрт, хүлээлтээр удирддаг. Хүлээлтийг удирдах арга хэрэгсэл нь төв банканд итгэх итгэл юм. Төв банканд итгэх итгэл өндөр байвал, хүмүүс төв банкны инфляцын зорилт болох 6 нэмэх, хасах 2 хувийн орчимд инфляц тогтворжино гэдэгт итгэнэ гэсэн үг. Түүндээ тохирсон үйлдэл хийснээр эцсийн дүндээ инфляц тогтворжих нэг чухал нөхцөлийг бүрдүүлдэг.

Төв банкны инфляцын зорилт бол дунд хугацааны зорилт юм. УИХ-аас нэг жилийн дотор яг ийм инфляцтай бай гэж баталдаггүй. Дунд хугацаа буюу 2-3 жилийн хугацаанд инфляцыг 6+/-2 хувийн орчимд аргамжаарай гэсэн санаа юм. Инфляцын хурдцыг морины явдлаар төлөөлүүлэх нь бий. Өөрөөр хэлбэл, морь алхдаг, шогшдог, цогьдог, сүүлдээ давхидаг. Их давхиад ирвэл жолоодлогогүй буюу гиперинфляци болно. Монголбанкны зорьж ирсэн бодлого бол инфляцыг шогшоо түвшинд л барих. Яг одоогоор цогио инфляцтай байна. Өөрөөр хэлбэл, 10-аас дээш хувьд хүрсэн байна. 2022 он дуусахад одоогийн түвшний инфляц цогио хэвээрээ хадгалагдах уу, эсвэл буураад шогшоо инфляцтай болох уу гэх асуулт бий. Миний бодлоор 10 орчим хувьд тогтворжих байх гэж бодож байгаа.

– Зарим олон улсын байгууллагаас инфляц 12.4 хувьтай байна гэж төсөөлсөн байсан? 

Би 10 хувь л байх болов уу гэж харж байгаа. Монголбанк 13 хувь гэж байгаа. Инфляцыг бууруулна гэдэг нь зөвхөн бодлогын хүүгээр явахгүй шүү дээ. Инфляц эрэлтийн гаралтай, мөн нийлүүлэлтийн гаралтай гэж байгаа. Дэлхий даяар нийлүүлэлтийн гаралтай инфляц давамгайлж байна. Үүнийг яаж шийдэх вэ гэдгийг хамгийн энгийнээр бодоход барааны нийлүүлэлт л сайн байх ёстой. Тэгэхээр нийлүүлэлтэд саад болж байгаа бүх гацаануудыг арилгах л ёстой юм. Энэ бол бодитой байгаа саад. Хоёрдугаарт, бизнесийн идэвх сайжрах ёстой. Энэ нь 200 эсвэл 2000 компанийн ч асуудал биш. Нийт Монголын 90 мянган аж ахуйн нэгж, бичил, жижиг, дунд бүгд ялгаагүй шоргоолжны үүр шиг хөдөлж л байх ёстой. Тийм орчныг төр нь бий болгох ёстой юм. Ард түмний худалдан авах чадвар инфляцад идэгдэж байна. Өөрөөр хэлбэл, өрхийн орлого, түүнээс үүдэлтэй эцсийн хэрэглээний зардал 2020 оны сүүлээс эхлэн тасралтгүй буурсаар байна. Өрхүүд хэрэглээгээ хумиад эхэлсэн. Энэ нь эдийн засгийн өсөлт 1.4 хувьтай гарахад нөлөөлсөн. Энэ онд 2.3 хувь байхаар төсөөлсөн. Үүний тулд эдийн засаг идэвхжиж байх ёстой.

– Өрхийн эцсийн хэрэглээний зардал буурсан асуудал байгаа. Цаашид огцом өсөхөөргүй, дээр нь зээлийн өсөлт өмнөх оных шиг 20 хувьд хүрэхээргүй байгааг АХБ мэдээлсэн. Сүүлд Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдлийг харвал, бодлогын хүүг өсгөсөнтэй холбоотой зээлийн хүү өссөн байгаа. Энэ бүхний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ямар байх вэ? 

Бодлогын хүү бол ид шидийн саваа биш. Нэмлээ гээд шууд л эдийн засаг сайн сайхан болчихдог зүйл биш. Харин ч хэцүү байна. Тодорхой бус байдал давамгайлсан, хямралын үед банкуудын зээл гаргах сонирхол буурдаг. Тийм учраас банкны зээлийг нэмэгдүүлэхийн тулд бодлогын хүүг бууруулах ёстой болно. Гэтэл зөвхөн бодлогын хүүгээр бүх зүйлийг шийддэг гэж бодож болохгүй.

Нөгөөтэйгүүр бодлогын хүүгийн хувьд хүн бүр ярьдаггүй нэг нөлөөлөл нь сэтгэл зүйн нөлөөлөл байдаг. Монгол Улсын Төв банкны хувьд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, арилжааны банкууд болон нийт хэрэглэгчдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх маш чухал. Тийм учраас хүлээлтийг удирддаг.

Валютын ханш, нөөц гээд Та асуусан. Ханш гэдэг эмзэг зүйл. Ханшийн зах зээл дээр спекулятив буюу дамын хүчин зүйл болон улстөрчдийн хариуцлагагүй мэдэгдлээс болж савлах нь амархан. Хамгийн гол нь ингэж үсэрсэн ханшийг эргэж буулгах гэж зовдог. Тэр зовдог институц нь төв банк байхгүй юу. Хамгийн сүүлд гэхэд Украин-Оросын дайн болохоос өмнө би 2006-2021 оны байдлаарх Монгол Улсын валютын нөөцийн судалгааг хийж, цаашид ямар зарчим баримтлах ёстой вэ гэх зэрэг зөвлөмж гаргасан. Тэндээс харвал, манай валютын нөөц дээр үсрэлтүүд гарсан сэтгэл зүйн босго гэж байна. Жишээ нь ханш өсөж байгаад тэгш тоонууд дээр очдог доо. Тэгш тоонуудын сэтгэл зүйн босгонуудыг аль болох хооронд нь удаан байлгах ёстой юм билээ. Өнгөрсөн түүхийг харвал 54 сарын турш барьж байсан юм билээ. Сэтгэл зүйн нэг босгоноос нөгөө босго руу шилжих хүртэл барих хугацаа гэсэн үг. 14, 28 сар барьж байсан түүх ч бий. Энэ бодлогыг төв банк их амжилттай хэрэгжүүлж байсан. Тэгэхээр ханшийн хувьд Монголбанкны хуульд валютын ханшийг чөлөөтэй бөгөөд бодитой байх зарчмыг баримтална гэсэн байдаг. Одоо гэтэл хүмүүс Монголбанкнаас ханшаа тогтворжуулаач, үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал яасан бэ гээд шүүмжлээд байгаа.

– Уг нь валютын орлого оруулж ирэхээс хамаарах байх?

Хуулиараа ханш чөлөөтэй бөгөөд бодитой тогтох ёстой. Гэхдээ үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ тогтвортой байдлыг хангах зарчим, дээр нь эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүлэх талаар өгүүлбэр бий. Түүнчлэн гадаад валютын нөөцийн хувьд “Монголбанк гадаад валютын албан нөөцийг эзэмшиж, удирдана” гэсэн заалт бий. Энд арвижуулах гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл, байгаа нөөцийг зөв эзэмшинэ. Тэр байтугай гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах үүрэггүй. Ийм хязгаарлалттай. Тийм учраас Монголбанк экспортыг нэмэгдээсэй л гэж бодно. Мөн төлбөрийн тэнцлийн статистикаа гаргана. Валютын дуудлага худалдаагаа хийж, захынхаа эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангана. Арилжааны банкууд дахь валютын эрэлт ямар учир шалтгаантай вэ гэдгийг судална. Улирал бүр 3000 орчим хэрэглэгчийн дунд инфляцын хүлээлт, валютын ханшийн хүлээлтийн талаар судалгаа хийнэ. Ийм л ажил, үүрэгтэй. Ийм байдлаар хүлээлтээ удирдах арга хэрэгслийнхээ хүрээнд л ажиллана. Яг хийх гэж байгаа ажлаа тодорхой яриад, хэрэгжүүлээд л явах нь чухал.

– Ярилцсанд баярлалаа. 

 

Эх сурвалж: Блүүмбэрг ТВ Монголиа

Exit mobile version