Дэлхий

Украины дайнд хөндлөнгөөс оролцвол “аянга цахилгаан шиг” хурдтай цохилт өгөхөө Путин мэдэгджээ

Нийтэлсэн

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын парламентын гишүүдэд хандаж үг хэлэхдээ Украинд явуулж буй “цэргийн ажиллагаа”-нд нь аль нэг улс хөндлөнгөөс оролцвол “аянга цахилгаан мэт” хариу цохилт өгөх тухай анхааруулжээ.

“Хэрвээ хэн нэгэн өнөөгийн үйл явдалд хөндлөнгөөс оролцож, стратегийн хувьд манай улс оронд хүлээн зөвшөөрөхийн аргагүй аюул занал учруулбал бидний хариу цохилт аянга цахилгаан шиг хурдтай байхыг мэдвэл зохино” гэж Путин хэлсэн байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бидэнд өөр хэнд ч байхгүй зэр зэвсэг бий. Бид энэ талаар гайхуулж бардамнахгүй, шаардлагатай бол ашиглана. Үүнийг бүгд мэдээсэй гэж би хүсэж байна” гэжээ.

Саяхан ОХУ цоо шинэ Сармат баллистик пуужингаа туршиж, орчин үеийн дуунаас хурдан зэвсгүүдийнхээ хөгжүүлэлтийн талаар Путин байнга ярих болсон билээ.

Өчигдрөөс эхлэн ОХУ нь Польш, Болгар улсуудад байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон юм.

Тэгвэл энэ арга хэмжээтэй холбогдуулан Европын Холбоо өчигдөр Москвагийн эрх баригчдад хандсан мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд Украиныг дэмжсэний хариуд үзүүлж буй эрчим хүчний “сүрдүүлэг”-ийн өмнө толгой бөхийхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

“Кремлийн эрх баригчид түлш шатахуунаараа биднийг сүрдүүлэх нь тодорхой байсан, гайхаад байх зүйл биш. Бид үүнд нэгдмэл, зохион байгуулалттай, шуурхай хариу арга хэмжээ авах болно. Польш, Болгар улсууд Европын Холбооны хөршүүдээсээ байгалийн хий авна. Европ дахь Оросын эрчим хүчний эрчин үе төгсгөл болох цаг ирж байна” гэж Евро Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мэдэгджээ.

Европын Холбооны гишүүн орнуудын эрчим хүчний сайд нар Даваа гарагт уулзаж, үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхээр болсон байна.

Украинд эхлүүлсэн дайныхаа эхний үе шатанд Оросын тал Киев хотыг эзэлж, Зеленскийн засгийн газрыг түлхэн унагах зорилготой байсан ч чадаагүй.

Одоо дайны хоёр дахь үе шат Украины дорнод хязгаарын Донбассын бүс нутгийг тастаж авах зорилготой үргэлжилж байна. Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ.

 

Эх сурвалж: AFP

Exit mobile version