Дэлхий

Украинд $33 тэрбумын тусламж үзүүлэх саналыг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден гаргалаа

Нийтэлсэн

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден $33 тэрбумын хэмжээтэй тусламжийг Украин улсад үзүүлэх саналыг Конгресст өргөн барьжээ.

Уг багцын $20 тэрбум нь зэр зэвсэг, $8.5 тэрбум нь эдийн засаг, $3 тэрбум нь хүмүүнлэгийн тусламжаас бүрдэх юм байна.

“Энэ бол бага мөнгө биш. Гэхдээ түрэмгийллийг хүлээн зөвшөөрвөл үүнээс ч илүү зардал гарах болно” гэж хэлсэн Байден саналыг нь дэмжихийг Конгрессын гишүүдэд уриалжээ.

Оросын эзлэн түрэмгийллийг няцаахад нь Украин улсад АНУ тусламж үзүүлсээр байгаа ч Байдены шинэ санал уг тусламжийн хэмжээг эрс өсгөх юм.

Тусламжийн шинэ багцын хэмжээ нь өнөөдрийг хүртэл АНУ-аас Украинд үзүүлсэн тусламжийн хэмжээнээс хоёр гаруй дахин их юм байна.

Байденыг саналаа танилцуулахаас хэдхэн цагийн өмнө ОХУ-ын гадаад хэргийн яам Өрнөдийн зэр зэвсгийн тусламж Европ тивийн аюулгүй байдалд заналхийлж буйг анхааруулсан юм.

Нөгөө талаас Байден инфляц, цар тахлын нөлөөгөөр АНУ-ын эдийн засаг хүндэрсэн цаг үед Украинд үзүүлэх тусламжаа огцом нэмэгдүүлэх санал тавьж байна.

Энэ оны нэгдүгээр улиралд АНУ-ын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1.4 хувиар буурсныг өчигдөр холбогдох албаны эх сурвалж зарласан юм.

Өчигдөр бас Цагаан ордон Оросын олигархиудаас хураасан хөрөнгийг зарж олсон мөнгийг Украины тусламжид зарцуулах санал танилцуулжээ.

Цагаан ордны мэдээлснээр АНУ-ын засаг захиргааны битүүмжилсэн хөрөнгийн хэмжээ одоогоор $1 тэрбум гаруйд хүрсэн бол Европын Холбооных $30 тэрбумд хүрсэн байна.

Эх сурвалж: BBC

Exit mobile version