Нийгэм

Айл өрхийн ариун цэврийн байгууламжийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болов

Нийтэлсэн

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Тус хуульд улсын төсвөөс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад дараах зүйлсийг тусгахыг хориглосон. Үүнд:

  • Орон нутгийн нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгуулам, хаягжуулалт, гэрэлтүүлэг, тохижилт,
  • Орон нутгийн хог хаягдлын асуудал,
  • Орон нутгийн авто замын засвар, шинэчлэл хийх,
  • Нийтийн эзэмшлийн талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах, шинэчлэх, засварлах, тоног төхөөрөмж худалдан авах,
  • Багийн төв, хорооны засаг захиргааны зориулалттай барилга барих, тохижуулах,
  • Айл өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилт,
  • Нийтийн эзэмшлийн байр, орон сууцны засвар

Гэтэл хуулийн төслийг байнгын хороодоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар “Айл өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилт” гэдэг хэсгийг хасах санал гаргасан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Нийслэлийн хүн амын 70 гаруй хувийг бүрдүүлдэг гэр хорооллын иргэдийг нүхэн жорлон, яндангаас салгаж, амьдрах нөхцөлийг сайжруулахыг зорьж байгаа. Гэтэл төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр уг асуудлыг шийдэх ямар ч боломжгүй. Тиймээс гишүүдээс энэхүү саналыг дэмжиж өгөхийг хүсэж байна” гэв.

Харин Сангийн сайд Б.Жавхлан: Төрийн хэмнэлтийн тухай хуулийг бараг буцааж татахаар болж байна. Ийм хэмнэлтийн хууль гаргаад ч хэрэггүй болж байх шиг байна. М.Оюунчимэг гишүүний хэлж байгаагаар улсын төсвөөр айлын хашаанд жорлон бариад тухайн айлд нь бэлэглээд яваад байх юм байна л даа. Тийм байж болохгүй. Улсын төсвөөр тийм хөрөнгө оруулалт хийж болохгүй.

Тэгэхээр М.Оюунчимэг гишүүн та энэ саналаа буцааж татах нь зүйтэй.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Засгийн газраас оруулж ирсэн их олон асуудлыг унагаагаад байна. Гэр хороолол руу явж байгаа дэд бүтцийг улсын төсвөөр хийх нь нээлттэй. Харин айлын хашаан доторхыг төсвөөс битгий хий гэдэг зүйлийг хуульд тусгасан. Тэгвэл улсын төсвөөс айлын хашаанд жорлон бариад өглөө. Гэр нь өөрийнх нь, жорлон нь улсынх байх нь. Ийм зүйл хийж болохгүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хуулийн төслийг ойлгомжгүй, салаа утгатай бичсэнээс болж гишүүдийн дунд үл ойлголцож гарч байна. Хэмнэлт ярьж байхад айлын жорлон руу орно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Популист популист гэхэд энэ арай хэтэрнэ шүү. Энэ асуудлыг эцсийн найруулга дээр ойлгомжтой болгох хэрэгтэй. Айл өрхийн цэвэрлэх байгууламжийг айлын жорлон гэж ойлгохгүй шүү.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хэмнэлтийн бодлого гэж оруулж ирж байгаа юм бол хэмнэсэн шиг хэмнэх хэрэгтэй. Оруулж ирсэн хуулийн төслөөс дэмжиж байгаа заалт алга. Тэгээд юу хэмнэсэн гэж ярих гээд байгаа юм. Гишүүд нь хот, хөдөөгөөрөө хуваагдаж Төсвийн байнгын хорооны даргатайгаа үзэлцээд, үр дүнд нь хэмнэсэн юм алга.

Энд сууж байгаа хүмүүс ичих хэрэгтэй. Бодлого ярьдаг парламенттай болъё гэж ярьж байж тойргийн төсвөөсөө гарч чадахгүй, жорлон яриад байх юм.

Эдийн засгийн онол судал л даа. Олон улсын жишгийг мэддэг болчхоод шийдвэр гарга л даа. Олуулаа суучхаад дэмжье эсвэл үгүй гэчхэж байна. Засгийн газрынхаа бодлогоо дэмжихгүйгээр УИХ-ын гишүүд нь баг болж бүх заалтыг нь унагаад байна. Ийм мэдлэггүй, мэдээлэлгүй байж болохгүй.

Ийнхүү гишүүд маргалдсаны эцэст санал хураалт явуулахад ““Айл өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилтыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй” гэдэг заалтыг хасах санал дэмжигдлээ.

Exit mobile version