Засгийн газар

Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй

Нийтэлсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай Монгол Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хийсэн үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч талаас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн саналыг харгалзаж дараах арга хэмжээг авах талаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.
-Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2,3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх
-2015 оны Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах, дуусгавар болгох
-Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн  аудит оруулах
-Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртлэх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх
-“Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг арга хэмжээ авах талаар тогтоолын төсөлд тусгасан байна.

Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй гэдгийг онцолж, нийтээр тэмдэглэхгүй, цомхон буюу гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Мөн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгов.
Олон улсад коронавируст халдварыг үүсэгч вирусын альфа, бета, гамма, дельта, омикрон зэрэг хоруу чанар өндөртэй шинэ омгийн вирусууд бүртгэгдсэнээс дельта хувилбараас хэд дахин хурдан тархах чадвартай омикрон хувилбар дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж байна.
Омикрон хувилбар 96 улс оронд илэрсэн бөгөөд хамгийн олон тохиолдол нь Их Британи, Дани, Өмнөд Африк, Норвеги зэрэг улсад бүртгэгдээд байна. Эдгээр улсад өдөрт 1500-10000 тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Омикрон хувилбар манай улсад орж ирэх, тархах өндөр эрсдэлтэй байгаа юм.

2022 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд тусгагдсан онцлог арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар үе шаттай зохион байгуулж хэрэгжүүлэхтэй зорилгоор тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Гадаад худалдааг дэмжих, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хилийн мэргэжлийн хяналтын албаны чиг үүргийг гаалийн байгууллагад нэгтгэж, гадаад худалдаа эрхлэгчдээс шаардах баримт бичиг, биет үзлэг, шалгалтын тоог бууруулж, бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр хурдан, шуурхай, зардал, багатай нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн талаарх эрх зүйн орчныг шинэчлэх, засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдэд олон улсын жишигт нийцсэн ногдол ашгийн бодлого хэрэгжүүлэх асуудлыг тусгалаа.
Төсвийн  хэмнэлтийн горимыг 2022 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан батлагдсан төсөвтөө хэмнэлт хийж, өр авлага үүсгэхгүй ажиллахыг үүрэг болгов.
Мөн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, соёл, нийтийн биеийн тамир, хүүхэд хамгааллын үйлчилгээг үр дүн, чанар, бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэхээр төсөвт тусгаж батлуулсан. Үүнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт шинэчлэлийг хэрэгжүүлэхэд баримтлах үйл ажиллагааны чиглэлийг тусгасан байна.
Түүнчлэн төсвийн байгууллагын зарим нийтлэг ажил, үйлчилгээг хувийн хэвшилд гэрээний үндсэн дээр шилжүүлэхтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч болон бүх шатны Засаг дарга нарт даалгах чиглэлийг өгөв.
Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар хэвлэлийнхэнд танилцуулж мэдээлэл хийхдээ,
“Төрийн үйлчилгээний ажилчдыг цомхотгох асуудал байхгүй. Тэдний цалин, урамшуулал, нэг удаагийн тэтгэмж зэрэг бүх зардал одоо байгаа орон тоогоороо төсөвт тусгагдаад орон нутаг руу шилжсэн” гэж хэллээ.
 
Товч мэдээ
·      Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ.
·      “Хорт хавдрын навигаци болон стереотактик эмчилгээний  төв байгуулах төсөл”-ийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улс, Австрийн Юникредит банк ХК-ийн хооронд байгуулах экспортын зээлийн гэрээний төслийг хэлэлцээд уг гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
·      “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкийг 2021-2023 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Exit mobile version