Дэлхий
НАТО-гийн гишүүн орнуудыг аливаа дайралтаас хамгаалахаа Турк улс амлалаа
Латин Америкийн орнуудаар айлчлаад ирснийхээ дараа Ням гарагт сэтгүүлчидтэй уулзсан Туркийн гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу нэгэн чухал мэдэгдлийг хийжээ.
Украин-Оросын мөргөлдөөнд НАТО шууд оролцох бодолгүй байгаа ч НАТО-гийн аль нэг гишүүн орон ямар нэг хэмжээгээр халдлагад өртсөн тохиолдолд Турк улс зохих хариу арга хэмжээ авахыг тэр амласан байна.
“НАТО-гийн байр суурь тодорхой. Уг эвсэл Украины мөргөлдөөнд оролцох бодолгүй байгаа. Гэхдээ эвслийн ямар ч гишүүн орон руу өчүүхэн төдий дайралт хийсэн тохиолдолд бид зохих ёсны хариу арга хэмжээг авах болно” гэж Чавушоглу мэдэгджээ.
Одоогоор Умард Атлантын эвсэл Киевийн засгийн газарт зэр зэвсгийн тусламж үзүүлж байгаа ч Украинд цэрэг илгээгээгүй байгаа.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөллөөрөө дамжуулан Украины мөргөлдөөнд оролцож байгаа НАТО-г шүүмжилж байв.
Бас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөргөлдөөнд гадна талаас оролцсон тохиолдолд “аянга цахилгаан мэт” хариу цохилт өгөхөөр сүрдүүлсэн юм.
Турк улсын хувьд НАТО-гийн гишүүн орон боловч Өрнөд болон Оростой тэнцвэртэй харилцаатай байхыг эрхэмлэдэг. Одоо тус улс Украин, Оросын талуудын хооронд энхийн гэрээ байгуулахад зуучлах үүрэг гүйцэтгэж байна.
Турк улс өөрийн улсад үйлдвэрлэсэн Байрактар дроныг Украинд нийлүүлж байгаа ч Москвагийн эсрэг олон улсын хоригт нэгдээгүй байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Анкарагийн эрх баригчид Сирийн чиглэлд нисэх Оросын цэргийн болон иргэний ямар ч онгоцыг агаарын орон зайдаа нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг зарласан юм.
Эх сурвалж: Report.az, Russia Today